ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэр бүлийн ордон “Гэр бүлийн хөгжлийн цогц” төв болж ажиллана

2026-11-02

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар “Гэр бүлийн ордон” ОНӨААТҮГ-ийг татан буулгаж, “Гэр бүлийн хөгжлийн цогц төв” болгон ажилуулахаар боллоо.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд гэр бүлд ээлтэй тогтвортой байдлыг хангаж, хүн амын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэхээр туссан. Мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах бөгөөд Орхон, Сэлэнгэ аймагт байгуулах боломжтой талаар судалгаа гарчээ.

 Үүний дагуу Орхон аймагт Гэр бүлийн ордон ОНӨААТҮГ-ыг татан буулган, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын харьяанд “Гэр бүлийн хөгжлийн цогц төв” болгон ажиллуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ гэр бүлийн ордны бүтэц, гэрлэх ёслол зохион байгуулах үндсэн үйл ажиллагааны чиглэл хэвээрээ байх бөгөөд илүү өргөжүүлэн гэрлэлтэд бэлтгэх, гэр бүлийн харилцаа, харилцан ойлголцол, хариуцлага, эцэг эхийн үүрэг, хүүхдийн эерэг хүмүүжлийн чиглэлээр сургалт, мэдээлэл хүргэнэ. Мөн гэр бүл, хүүхдийн эрх, хууль ёсны үүрэг, хариуцлагатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагад холбон зуучилна. Эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэн болон гэр бүлийн гишүүдэд зориулсан дэмжих бүлэг, сонирхлын клуб, хамтын оролцоонд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулж, гэр бүлээрээ суралцах, хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ингэснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, холбогдох байгуулагуудын уялдаа холбоо, урьдчилан сэргийлэлт сайжирч, нөөцийн ашиглалт сайжирч, тогтвортой хөгжлийн орчин бүрдэх зэрэг давуу талтай гэж үзэж байна.