ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталлаа

2026-10-30

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2026 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, 2027 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг  Онцгой байдлын газраас танилцууллаа. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Орхон аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дүгнэлтийг хорооны дарга О.Мөнх-Од танилцууллаа.

Орхон аймаг нь 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 18,5 мянган га талбай нь ойн сан бөгөөд 53,7 мянган га бэлчээр, үлдсэн 12,2 мянган га суурин газар бөгөөд ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр “Бага эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн.

Ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, тараах материалыг  иргэд олон нийтэд хүргэх, сургалт, нөлөөллийн арга хэмжээ, хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулсны үндсэн дээр Орхон аймагт гал түймрийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт 95 хувьтай байна. 2026 онд ой, хээрийн гал түймрийн эрсдэл бүхий нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ГД моторс” ХХК-ийн Арбулаг, “Мандах эрдэнийн хувь” ХХК-ийн “Хаппи ланд” амралтын газарт аймгийн Онцгой байдал, Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй зарим зөрчлийг газар дээр нь арилгуулах, бусад  албан шаардлагыг хүргүүлж биелэлтэд хяналт тавьж  ажиллажээ.

Аймгийн ИТХ-ын хурлын хуралдаанаар 2027 оны төлөвлөгөөг 4 хэсэгт 20 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн баталлаа.