Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Телекамерын хяналтын дэд төвд ажиллаж, камерын хяналтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажил, үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр телекамерын системийн хамрах хүрээ, техникийн хүчин чадал, мэдээлэл дамжуулалт, хадгалалт, ашиглалт, камерын байршил болон хяналтын үр дүн зэрэг асуудлаар мэдээлэл авч, цаашид боловсронгуй болгох шаардлагатай асуудлуудыг хэлэлцэв.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс камерын системийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай техникийн шинэчлэл, AI технологи нэвтрүүлэх боломж, хөрөнгө оруулалт, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо зэрэг асуудлыг нарийвчлан судалж, цаашид камерийн хянатын системд хиймэл оюун ухааныг үе шаттай нэвтрүүлэхээр боллоо. Ингэхийн тулд техникийн шинэчлэл, нэгдсэн удирдлага, найдвартай ажиллагаа, дүрс бичлэгийн хадгалалтын багтаамж, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавхыг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.
Орхон аймаг 2026 оны хөрөнгө оруулалтаар Дата төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллах хүний нөөцийн асуудал тавигдаж байна. Дата төв ажиллаж эхэлснээр хог хаягдал болон нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэхээс гадна, сул авто зогсоол, замын ачаалал, хаалттай замын мэдээллийг иргэдэд шууд хүргэх боломжтой болох юм.
Камерын хяналтын системд хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлснээр зөвхөн дүрс бичлэгийг хүн ажиглах бус, сэжигтэй үйлдэл, хөдөлгөөнийг илрүүлэх, гэмт хэрэг зөрчлийн дата цуглуулах, дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ.
Мөн цаашид камерын тоог нэмэгдүүлэхээс илүү хүний нөөц, одоо ашиглаж буй камерын системийг сайжруулан хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, нэвтрүүлсэн технологио сайжруулах шаардлагатай байгааг Зөвлөлийн гишүүд хэллээ.
