Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 13 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын Ээлжит наймдугаар хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд 2026 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ онд Жаргалант суманд ойн цэвэрлэгээний журмаар хэрэглээний хуурай шинэс мод 100 шоо метр, түлээний шинэс мод 800 шоо метр тус тус бэлтгэхээр дээд хэмжээг батлах саналыг оруулж байна. Зөвлөлийн гишүүдээс энэ өвөл эрчим хүчний хэрэглээний хязгаарлалттай холбоотой цахилгаанаар дулаанаа шийдсэн айл өрхийн хэрэглээг тооцоолох, түлээ нүүрсний хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй тул хөрш зэргэлдээ сумдаас нөөц бэлдэхэд анхаарах, шатахууны хомсдолтой холбоотойгоор болзошгүй аваарын зардлаас орон нутгийн нөөц бэлтгэх шаардлагатай талаар санал гаргалаа.
Мөн Зөвлөлийн хуралдаанаар 2027 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах асуудлыг хэлэлцлээ. Эдгээр иргэд нь сумын Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өөрийн нэр дээр 15 жилийн хугацаанд эзэмшиж буй газраа өмчлөхөөр санал оруулж байгаа юм. Орхон аймгийн хэмжээнд эзэмшихээр захирамж гарсан 5075 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд газрын маргаан, зөрчилгүй, дэд бүтэц болоод төрийн байгууллагын хэмжээнд газар өмчлөх трасс дайраагүй зэрэг 4529 иргэний эзэмшиж буй газрыг өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Аймгийн хэмжээнд 2027 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай болон Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай, Хайгуулын тусгай зөвшөөрлийн санал өгөх тухай асуудлуудыг Хурлын хуралдаанаар хэлэлцэхэд бэлтгэл ажлыг хангасан гэж үзэж хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Зөвлөлийн хуралдаанд Орхон аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Орхон аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналаа аймгийн ЗДТГ-т 42 байгууллагаас ирүүлсэн бөгөөд эдгээр санал болоод эдийн засаг хөгжлийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, үйлдвэр үйлчилгээ, санхүү, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбар хэлэлцүүлгээс гарсан саналыг тусгаж аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 84 ажил, 173 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулжээ.
Зөвлөлийн аймгийн 2026 оны хөгжлийн жилийн хэрэгжилт хангалтгүй арга хэмжээг тайлбарыг бэлтгэх, 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, Хөгжлийн хороодоор хэлэлцүүлэх, төлөөлөгчдөөс санал авах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийллээ. Эдгээр асуудлыг 9 дүгээр сарын 25-нд хуралдах хурлын хуралдаанаар хэлэлцэх юм.
