ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Эцгийн хайр" зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа

2017-03-17

    Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас санаачилан Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл,  Баян-Өндөр сумын  ЗДТГ, "Дэлхийн зөн" ОУБ, "Ариун хэлхээ" ТББ хамтран Аав хүн, өрхийн тэргүүн, эцэг хүний үүрэг хариуцлага дээр идэвхжүүлэлт өгөх, тэднийг амьдралаа удирдан авч явахад нь урамшуулах, гэр бүлээ үр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа шилдэг аавууд, эцгүүдэд сэтгэлийн дэм үзүүлэх, урам хайрлах зорилгоор ”Эцгийн хайр” зөвлөгөөнийг аймгийн хэмжээнд анх удаагаа зохион байгууллаа.
  "Эцгийн хайр" зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга П.Пүрэвлхагва, Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхтуул,  Баян-Өндөр сумын ЗДТГ-ын ажилтан С.Сэрээтэрдорж,  "Дэлхийн зөн" ОУБ-ын удирдагч Ганзориг, "Ариун хэлхээ"ТББ-ын тэргүүн П.Өлзиймаа, "Орших синима" кинотеатрын захирал Эрдэнэбат болон өрх толгойлсон буюу ганц бие 70 гаруй аавууд оролцлоо.

   Зөвлөгөөн хуваарийн дагуу Хүүхдийн мэндчилгээгээр эхэлж, Хүүхдийн цэргийн найрал дуунаас ая дуугаа өргөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонцэцэг илтгэл мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд оролцож буй эцгүүдийн төлөөлөл үг хэлж зөвлөгөөнд амжилт хүссэний дараа үр хүүхдээ сайн хүмүүжүүлж байгаа эцгүүдэд шагнал гардуулах ажиллагаа явагдаж дараах аавуудыг шагнасан байна. 

          Аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг

Г.Анхбаяр - Эрдэнэ багийн иргэн

Х. Мөнхболд - Цагаанчулуут багийн иргэн

Б.Баасанжав - Яргуйт багийн иргэн

Б.Мандах-Согоот багийн иргэн

Б.Баярхүү - Хүрэнбулаг багийн иргэн

 Баян-Өндөр сумын  Хүндэт жуух бичиг

Р.Мөнхзул - Эрдэнэ багийн иргэн

Д.Нямжаргал - Баянцагаан багийн иргэн

Д.Билэгсайхан - Рашаант багийн иргэн

Д.Муратбек - Даваат багийн иргэн

   Зөвлөгөөнд зориулж авьяаслаг хүүхдүүдээс шүлэг, дуу, бүжгээр урлагийн номер үзүүлсэн байна. Зөвлөгөөн 3 багт хуваагдсан хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Багийн сургалтыг Д.Нарантуяа, Н.Чулуунцэцэг, "Үгийн хүч"  ТББ-ын багш  н.Батхүү нар удирдан явууллаа. Сургалтын үеэр Хүүхдийн эрх хамгаалал, Нийгмийн халамжийн тухай болон бусад хуулийн талаар танилцуулга хийж чөлөөт ярилцлага, зөвлөгөө, туршлага солилцох зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явагдсан байна.
  Мөн нэгдсэн сургалтыг "Харилцааны гайхамшиг" ТББ-ын тэргүүн, Харилцааны урлагийн доктор Н.Алтанцоож “Хувь хүний харилцаа" лекц сэдвээр хийсэн. 

   Зөвлөгөөнд оролцогчид 16.00 цагаас “Орших синима" кино театрт“ Монголын уран сайхны “2 Амь” киног үзэж, зөвлөгөөнд оролцсон эцгүүдийн 3-18 насны 50 гаруй хүүхдэд автомат тоглоомын газраар үнэгүй үйлчилсэн байна. 

   “Эцгийн хайр” зөвлөгөөнийг зохион байгуулсанд аавуудын сэтгэдэл ихээхэн өндөр байсан бөгөөд зөвлөгөөнөөс зөвлөмж гарч эцгүүдийн сайн дурын клубыг байгууллаа. Цаашид клубээр дамжуулан эцгүүдийн дунд сургалт, нөлөөлөлийн ажлыг зохион байгуулахаар болсон байна.   

    Зөвлөгөөний чухал үр дүн болох уриалга нэгтгэгдэн гарсныг танилцуулья.

       Өрх гэрийн өмөг түшиг болсон Аавууд аа:
   Монголын уламжлалт өрхийн тэргүүний 5 журам- алсын хараа, холч ухаан. өршөөнгүй сэтгэл, эв найр, эрхэм ёслолыг эрхэмлэсэн аавууд байцгаая!
   Эцэг хүний 5 эрдэм болох - уужим ухаан, хатан зориг, бат журам, өрх гэрийн түшиг, үр хүүхдийн сүр сүлд нь  байж, бор дарсанд  шуналгүй, болчимгүй үгэнд авталгүй, үйлийн хэцүүгээс  шантралгүй, үр хүүхдээ зөв үлгэрлэн үнэнч ханиа дээдлэн  өрхийн тэргүүний үүргээ биелүүлцгээе!
    Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын  дарга удирдлагуудад:
   Байгууллага хамт олныхоо соён гэгээрүүлэх ажлын хүрээнд бага, өсвөр  насны хүүхэдтэй аавуудын эцэг хүний үүргийг дээшлүүлэх зорилгоор аавуудын өдөр бий болгох, тэдний хүүхэд сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх сургалт нөлөөлөлийн  ажил зохион байгуулах, сайн аавуудыг урамшуулах, дэмжих талаар төлөвлөөгөөндөө тусгаж хэрэгжүүлцгээе!
  Боловсролын байгууллага, багш сурган хүмүүжүүлэгч нарт:
  Хөвгүүдийн хувь хүний төлөвшил, эрхэм чанарыг хөгжүүлэхэд анхаарч, тэднийг ирээдүйд эцэг хүн болоход туслахад чиглэсэн соёл, хүмүүжлийн олон талт ажлыг өргөнөөр зохион байгуулцгаая!
  Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газарт:
 Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогын баримт бичигт Өсвөр залуу үеийнхэнд  гэр бүлийн боловсрол олгох,  гэр бүлийг төлөвшүүлэх, гэр бүлрүү чиглэсэн  аймгийн хэмжээний бодлогын баримт бичиг гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөгөөнд оролцогч аавуудаас уриалж байна.