Бизнес форумын албан ёсны үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэлж УИХ-ын гишүүн О.Содбилэг, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар мэндчилгээ дэвшүүлэн форумын үйл ажиллагаанд амжилт хүссэн.
Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ энэ форумаас бодитой үр дүн үлдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж Орхон аймгийн хурлын байгууллагын зүгээс, энэ форумаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллаж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын бололцоотой нөхцлийг бий болгохыг орон нутгийн эрхийн хэмжээнд бүрэн шийднэ гэж амлан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд энэ форумаас тэгш зарчим дээр үндэслэн, харилцан ашигтай, бизнесийнхээ хамтрагчаа олоод, эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулах болтугай гэж ерөөсөн юм.
Олон улсын бизнес форумын үйл ажиллагаа өндөрлөж байгаа бөгөөд
бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл үйлчилгээг төрөөс дэмжих, бизнес
эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн шинэчлэл ба гадаадын
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдээр ярилцаж
орон нутгийн бизнес эрхлэгчид өөрсдийн төсөл хөтөлбөрөө танилцуулсан.
Мөн энэхүү “Бизнес форум”-ын үеэр “Уурхайчин” соёлын ордонд орон
нутгийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээлийн үзэсгэлэн худалдаа
зохион байгуулагджээ.