ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2017-03-07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг  Орхон аймгийнхаа болон Монголын нийт эхчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ хүргэе. Тэртээ 106 жилийн өмнө эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, ажлын нөхцлөө сайжруулах, сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө жагсаж эхэлснээс энэхүү өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн нэрийдэж дэлхийн олон улс орон өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ. Манай улсын хувьд ч энэхүү баярыг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг томоохон баярын нэг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Энэхүү баярыг дан ганц тэмдэглэн өнгөрүүлэх бус эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг ярьж шийдэл гарцыг эрэлхийлдэг, үүнээс бодит үр дүн гардаг байх нь чухал юм.
   Монголын түүхэнд өрх гэрийнхээ төдийгүй, төр улсынхаа үйл хэргийг чадварлагаар авч явсан ухаант хатдын, бүсгүйчүүдийн түүх олон бий. Монголчууд бидэнд эв эеийн хүчийг сануулан ухааруулсан Алунгоо эхийн сургааль өнөөдөр ч та бидэнд бодох зүйл их буйг сануулсаар байна. Эрүүл, ёс суртахуунтай, алсыг харсан, хүнлэг энэрэнгүй, хөгжсөн нийгмийг бүтээн байгуулахад эмэгтэйчүүд та бүхний холч ухаан, аливааг зөөллөх өр нинжин сэтгэл,  торгон мэдрэмж юу юунаас илүү чухал билээ.
   Сүүлийн жилүүдэд улс төр, болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэх, шийдвэр гаргахад нөлөөлөх чадвар улам бүр дээшилсээр байна. Орхон аймгийн ирээдүйн хөгжилд бүсгүй хүн, эмэгтэй хүн таны үүрэг оролцоо их буй, цаашид ч бүр их болно гэдгийг хэлэхийг хүсч байна.
   Ингээд нийт хацар гоо, ухаан төгс  бүсгүйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэж амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА