Энэ
жил Орхон аймгийн Баян-Өндөр сумын 95-99 насны ахмадуудад аймгийн Засаг
дарга тусгайлан хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Зэст багийн өндөр настан Дагвын Дэжид гуайд аймгийн ИТХ-ын даргыг
төлөөлж аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат хүндэтгэл үзүүлэн гарын
бэлэг гардууллаа. Д.Дэжид 1922 онд Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн.
Аав нь хэлмэгдүүлэлтэнд өртөж 14 настайдаа ээж, олон дүүтэйгээ үлдсэн
гэнэ. Ганц хүү төрүүлж өсгөсөн бөгөөд нутагтаа олон жил мал маллаж
байгаад 2000-аад онд Орхон аймагт хүүгээ дагаж нүүж ирсэн юм байна.
Өдгөө Дэжид гуай ануухнаараа бие лагшин тунгалаг сууна.
Цагаанчулуут багийн иргэн өндөр настан Очирбатын Бадам гуайд аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг хүндэтгэл
үзүүлэн мөн гарын бэлэг гардуулсан юм. О.Бадам 1921 онд Хөвсгөл аймгийн
Ренчинлхүмбэ суманд төрсөн. 2002 онд Орхон аймагт нүүж ирсэн гэнэ. Бадам
гуай өргөмөл хүү охин хоёрын хамт ач зээ өнөр өтгөн энх тунх сайхан
амьдарч байна.
Орхон аймгийн хэмжээнд 95-99 насны 14 ахмад настан бүртгэлтэй байгаа юм байна.