Ч.Баяртогтох нь 1978 онд Улаан толгойн сангийн аж ахуйд тракторчнаас
ажлын гараагаа эрхэлсэн бөгөөд 2000 оноос өрхийн тариалан эрхэлж
салбартаа тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна.
Тэрээр 2012 онд 56 гишүүдтэй “Түншийн хотгор” ногоочдын хоршоо
байгуулж энэ онд хамт олныхоо хүчээр жилд 4-5 га-д төмс, хүнсний
ногоо,120 м2 хүлэмжийн ногоо тариалж 64,5-146,8 тн ургац хураан га-аас
авах ургацын хэмжээг 143-290 цн хүргэсэн байна. Мөн хаврын тариалалт,
намрын хураалтын үеэр сумынхаа 30-35 ажилгүй иргэдийг түр ажлын байраар
ханган ажилладгаас гадна төмсний үрийн шинэчлэлийг тогтмол хийж 2015,
2016 онд өрхийн тариалан эрхлэгч 15 иргэнд 25 тн төмсний үрийг нийлүүлж
үрийн шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулан ажилсан амжилтаар энэхүү
шагналыг хүртлээ.
Улсын аврага тариаланч Ч.Баяртогтох газар тариалан эрхлэхэд хамгийн
гол нь технологийн мөрдөж ажиллах ёстой. Ном товхимол уншиж судлаж, хийж
байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулж тууштай ажиллах нь хамгийн чухал
гэдгийг залуу хойч үедээ зааж сургаж захиж явдаг талаар ярив.
Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Бичин жилийн хувьд ургац арвинтай, газар нь буян хишгээ хайралсан сайхан жил боллоо. Жаргалант сумын ногоочдын хурааж авсан ургацыг иргэдэд хүргэх сүүлийн шат дамжлага болох борлуулалтын асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс цаашид аймаг, сум орон нутгаас энэ тал дээр бодлогын хэмжээнд дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.