Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооноос аймгийнхаа
болон эх орныхоо түүх, соёл, өв уламжлалаас суралцах мөн түүгээр
бахархах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ сард “Төрөлх Орхон аймаг,
түүх соёл уламжлал - Бидний бахархал” сэдэвт аяныг өрнүүлээд байна. Аяны
хүрээнд Орхон аймгийн Зураачдын холбооны санаачлагчаар Монголын уран
зургийн Галерейн “Нүүдлийн үзэсгэлэн”-г урьж авчраад байна. Үзэсгэлэнд
Төрийн хошой шагналт, монгол улсын анхны Ардын зураач, УГЗ О.Цэвэгжавын
“Азарганы ноцолдоон”, Төрийн шагналт, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын
дараа”, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зэрэг
Монголын уран зургийн Галерейн сонгодог бүтээлүүд багтжээ. Эдгээр
бүтээлүүдийг урьд өмнө нь гадаадын орноор үзүүлж байсан ч орон нутгаар
анх удаа Орхон аймгийн үзэгчдийн хүртээл болж байгаа нь энэ юм.
Үзэсгэлэн “Уурхайчин” соёлын ордны “Эрдэнэт Арт ” галерейд энэ сарын
15-аас 25-ны хооронд үргэлжилнэ.