2017 онд аймгийн ИТХ сар бүр хурлын байгууллагын нэрэмжит ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн ба 1-р сарыг үйлчилгээний соёлын дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний соёл- Иргэдийн сэтгэл ханамж" аяныг зарласан. Сарын аян нь төрийн байгууллагуудаар 1 сар харин бизнес, үйлчилгээний байгууллагуудаар 7 хоногийн хугацаатай аялах юм. Өнгөрсөн долоо хоногт "Андөл" ХХК-ийн "Есөн эрдэнэ" хүнсний зах, Тогоочдын холбооны Орхон аймаг дахь салбар холбоо, “Ачит холдинг” ХХК шилжин явах туг, дэвтрийг гардан авсан.
"ЕСӨН ЭРДЭНЭ" захын удирдлагууд аяны хүрээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөг батлаж төлөвлөгөөний дагуу үйлчилгээний ажилтнуудад сургалтыг:
- Үйлчилгээний соёлын гадаад орчин
- Харилцаа
- Хувцаслалт
- Үг яриа
- Зан хандлага
- Сэтгэл ханамж зэрэг 6 сэдвээр төрөлжүүлэн заажээ. Мөн ажилтнуудын хувцсыг жигдлэн байгалийн ногоон өнгөөр цамц, Smile тэмдгийг зүүж үйлчлүүлэгчдэд дулаан уур амьсгал, инээмсэглэл соёлтой үйлчилгээг билэгдсэн байна. Аянтай холбоотой постерууд, санал хүсэлтийн хайрцагнуудыг үйлчилгээний танхимууддаа байршуулж цаашид үйлчилгээний соёлыг дээшлүүлэх ажлыг 7 хоног, сар, жилээр дүгнэж соёлтой үйлчилгээ үзүүлсэн ажилтнуудыг урамшуулж, гарсан зөрчил, сайжруулж анхаарах шаардлагатай асуудлуудыг тухай бүр шийдэж байхаар болжээ.
Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 09-ны 15 цагт АЗДТГ-ын "Иргэний танхим"-д "Есөн эрдэнэ" зах нь "Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж" сарын аяны шилжин явах туг, дэвтрийг дараагийн байгууллага буюу Орхон аймгийн Үсчин, гоо засалчдын холбоонд хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа болно. Уг ёслолын ажиллагааны үеэр шилжин явах туг, дэвтрийг хүлээлгэн өгч байгаа байгууллагууд нь туршлагаасаа хуваалцаж, алдаа оноогоо хэлэлцэх юм байна.