ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Анатолий Васильевич Чекашовын дурсгалыг мөнхжүүллээ

2017-01-09

Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 1974-1980 онуудад удирдан ажиллаж  байсан ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ОХУ-ын Гавъяат барилгачин Анатолий Васильевич Чекашовын дурсгалыг мөнхжүүлж, түүний амьдарч байсан байр буюу 1-р хорооллын 2-р байрны гадаа хананд дурсгалын самбарыг байршууллаа. Чекашов  А.В нь зөвхөн Эрдэнэт хот төдийгүй Улаанбаатар, Дархан, Багануур, Хөтөл  зэрэг олон газруудад ажиллаж Монгол улсын бүтээн байгуулалт, барилгын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.  
   Орос-Монголын найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон аймгийн удирдлагууд, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олон болон тухайн үед Анатолий Васильевич Чекашовын хамт ажиллаж байсан нөхөд нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.   
    Өнгөрөгч 9 дүгээр сард Монгол улсын Засгийн газраас Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Орос-Монголын найрамдлын нийгэмлэг  Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан Орос-Монголын барилгачидын алдрыг мөнхжүүлэх цээж баримлыг “Найрамдлын өндөрлөг”-т барьж байршуулах төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлж байлаа.