ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

П.Пүрэвлхагва: Бид хамгийн бага мөнгөөр хамгийн их хүслийг гүйцээх бодлого барина

2017-01-09

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва шинэ оны эхэнд өнгөрсөн оны ажлаа дүгнэж, Эрдэнэт хотын бодлогыг тодорхойлогч байгууллагыг удирдаж байгаагийн хувьд санал бодлоо хуваалцлаа.
- Өнгөрсөн онд МАН-ын хороо эрх баригч болж, аймаг, суманд багаа бүрдүүллээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад, сонгуулиас үлдсэн улс төрийн сургамж юу байв?
- 1996-2000 онд Орхон аймагт Ардчилсан нам ялж, засаг барьж байлаа. Харин 2000 онд манай нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Ерөнхийдөө 2000 оны нөхцөл байдалтай өнгөрсөн сонгууль адил байсан. Яагаад гэхээр, 2016 оны сонгуулийн өмнөх сүүлийн гурав, дөрвөн жил эдийн засгийн хувьд монголчуудад ч тэр, эрдэнэтчүүдэд ч боломжтой үе байсан. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөн, зарим төслүүд хөдөлж эхэлсэнтэй холбоотой эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрчихсэн байсан. Эдийн засгийн өсөлт гээд яриад байгаа ч иргэн хүнд нөлөөлсөн бодитой жишээ бол долларын ханш 1300 гаруй төгрөг дээр  тогтсон. Ахуйн хэрэглээний хэдэн хувь нь гадаадаас хамааралтай билээ. Ийм нөхцөлд валютын ханш тогтвортой байна гэдэг цалин хөлсөнд тодорхой нөлөөлдөг. Харин долларын ханш чангараад ирэхээр сөрөг нөхцөл үүсдэг. 2016 он гараад эдийн засаг хямарлаа гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж байлаа. Гэтэл эрх баригчид эдийн засгийн хямрал болоогүй гэж үзсэн. Сангийн сайд нь долларыг 1000 дээр барина гэж байсан ч 2000 гарсан. Сонгуулиас сонгуулийн хооронд иргэлийн амьдрал доройтож эхэлсэн. Үйлдвэржилт, томоохон төслүүд рүү хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр оруулсан, оновчгүй ажилд зээлийг зарцуулсан зэрэг нь ард түмний нуруун дээр хүндээр туссан. Миний бие Жаргалант сумаас аймгийн ИТХ-д сонгогдсоны хувьд энэ хүндрэлийг мэдэрч явлаа. Хонины нэхий 500 төгрөг хүрч, ханш нь уналаа. Монгол хүний элэг эмтэрмээр, хамгийн багаар бодоход хоёр настай төлөгнийхөө араас өвөл, зунгүй хөөцөлдөж явчихаад нэхийг нь 500 төгрөг ч хүрэхгүй өгнө гэдэг харамсалтай. Нэхийний өөдсөнхөнөөр хийсэн хятад бараа ямар үнэтэй билээ. Энэ их хямралыг бүгд хэлүүлтгүй мэдэж байсан. Эдийн засгийн хүндрэл энэ мэтээр газар авсан байсан учир хүмүүс цөхрөх талдаа орчихсон байсан.
- Та түрүүн 2016 оны нөхцөл байдал 2000 онтой адил байдалд хүрсэн гэсэн? Манай аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг, бусад аймгийг бодвол эдийн засгийн чадавхи өндөр гэж үздэг. Гэсэн ч иргэдийн амьдрал илт муудсан шүү дээ?
- 2000 онд миний бие аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, аймгийн Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдож байсан. Тэр үед аймаг нэг тэрбум төгрөгийн өртэй, тэрбум таван зуун сая төгрөгийн алдагдалтай төсөв хүлээж авч байлаа. Тухайн үед боловсролын салбар хэвтээ төсөвтэй байсан, багш нараа амраах гэтэл мөнгөгүй. Бид арилжааны банкнаас 500 сая төгрөг зээлдэж, багш нарынхаа амралтын мөнгийг тавьж байлаа. Тэгээд 2001 оны төгсгөлд өрөө дарчихаад, нэг тэрбумын ашигтай төсөв бүрдүүлж чадсан.
- Та бүхний хувьд 2016 оны сонгуульд эрх баригчидтай өрсөлдөхөд хүндрэлтэй зүйл олон байсан байх. Сонгуулийн өмнө иргэд сонголтоо хэдийнээ хийчихсэн байсан нь мэдрэгдэж байсан. Танд мэдрэгдэж байв уу?
- Эрх баригчид бяртай байлаа. Жаргалантад хамгийн наад зах нь сурталчилгааны самбар гэхэд минийх хамгийн жижигхэн нь байлаа. Ард түмэн улс төрийн намыг солиод үзье, Ардын намд итгэл үзүүлье гэсэн хүлээлт улс орон даяар бий болчихсон байсан. Ийм улс төрийн нөхцөл байдал үүссэн нь сонгуульд нөлөөлсөн болов уу.

ХУРЛЫН БАЙГУУЛЛАГААС САР БҮРИЙГ НЭРЭМЖИТ САР БОЛГОЁ ГЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН


- Та бол Орхон аймагт шинэ хүн биш. Өмнө нь аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Өнөөдөр олонхи бүрдүүлсэн намаас Иргэдийн хурлыг удирдаж байна. Бяртай болсон нам энэ дөрвөн жилд Орхон аймагт эдийн засгийн ямар томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?
- Бяртай болсон гэдэг хоёр талтай. Хэт олуулаа болсон үед сул талаа харахгүй байх муу талтай байдаг. 2016-2020 он хүртэлх бүрэн эрхийн хугацаанд бид оновчтой хөрөнгө оруулалтын бодлого барина. Төрийн үүрэг гэдэг ойлголт манайх шиг улсад хамгийн бага мөнгөөр хамгийн их хүслийг гүйцээх тухай ярих ёстой.  2012 оны сүүлээр бид бүх хөрөнгөө шавхаж, шилжих үлдэгдэлтэйгээ нийлүүлж байгаад 15 орчим тэрбум төгрөгөөр орон нутгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийж чадсан. Энэ тоо бол том тоо байсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд доод тал нь 40 гаруй тэрбум, дээд тал нь 67 орчим тэрбум төгрөгөөр орон нутгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Үүнээс харахад, дээрх хөрөнгө үр ашигтай зарцуулагдсан уу гэдгийг хүн бүр харж байна. Гэр хороолол маань сайхан гэрэлтүүлэгтэй болсон. Гэтэл бүх гэрэлтүүлэгтээ улайсалтын гэрэл тавьчихаар хот тохижилтын зардлаа дийлэхгүй, өнөөдрийн байдлаар нийтийн гэрэлтүүлгийн 260 орчим сая төгрөгийн өртэй байна. Энэ бол цаашдаа явахгүй. Сая бид төсвөө батлахдаа, орон нутгийн хөрөнгө оруулалтыг 13 тэрбум орчимд баталлаа. Одоо манай иргэд харна, өмнө нь 6 төгрөгөөр хийж байсан ажлыг бид 1 төгрөгөөр хийнэ. Иргэдээс ийм хүлээлт байгаа. Хүний дөрөв, зургаан төгрөгөөр хийснийг нэг, хоёр төгрөгөөр гүйцэтгэхдээ чанарыг эрхэмлэнэ. Үүнээс эдийн засгийн хэмнэлт гарна. Саяхан УИХ-аас тогтоол гаргаад, хэмнэлтийн бодлогоо зарлачихлаа. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар эдийн засгийн хүндрэлийн үед ажиллах төлөвлөгөөгөө батлуулахыг төрийн байгууллагуудад үүрэг болголоо. Гэхдээ хэмнэлтийн бодлого гэхээр хүмүүсийг цомхотголд оруулчих гээд байдаг аюултай. Бид хүмүүсээ ажилтай байлгаснаар “нэг нь цадахаар олноороо өлсөхгүй” гэсэн зарчмыг барих ёстой гэж бодож байна. Ийм үед орон нутгийн хувьд хөрөнгө оруулалтын зөв бодлого чухал байна. Манай аймаг бусад газруудаас Хот-аймаг гэсэн онцлогтой. Иймээс нийтийн тээвэр, цэцэрлэгийн хангамжийн асуудал байна. Өвлийн ид ачааллын үед эрүүл мэндийн салбарын үйлчилгээ хүндрээд ирдэг. Гэтэл эрүүл мэндийн салбар маань хүнд учраас орон нутгийн хөрөнгөөс хөрөнгө оруулалт хийхгүй бол тусгай зориулалтын шилжүүлэг хийгээд явахаар одоо манайд үйлчилж байгаа системээр эмнэлэгт хэвтсэн хүн шаардлагатай үйлчилгээ, эм тариагаа авч чаддаггүй. Дахин нэмж тодруулахад, хурлын байгууллагаас сар бүрийг нэрэмжит сар болгоё гэж шийдвэрлэсэн. Жишээ нь, нэгдүгээр сарыг “Үйлчилгээний сар болгоё”. Үүнийг бид бренд болгохоор авч явна. Орхон аймгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх сар гэхээр зөвхөн төрийн үйлчилгээний тухай биш. Худалдааны байгууллага руу ороход, сайн байна уу, танд юугаар туслах вэ гэж мэндлэхээс эхлэх. Үйлчилгээний наад захын соёлыг эзэмшиж байж , хүнд сайхан сэтгэл төрүүлсний дараа тэр бизнес хөгжих ёстой. Бид зам хөндлөн гардаг, гарцаар гардаг хэвшлийг долоо хоногт л хэвшүүлсэн. Энэ  бүхний эцэст Эрдэнэт хот ямар соёлтой юм бэ гэж гадны хүмүүс хараг л дээ. Бид мөнгөгүйгээр хийж болдог соёлыг зөв хэвшүүлмээр байгаа юм. Хоёрдугаар сарыг “Үндэсний өв уламжлал төрөлх Эрдэнэт хотоороо бахархах сар” болгох жишээтэй.


ТӨЛӨӨЛӨГЧИД САР БҮР 300 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН ТАЙЛАНГАА ГАРГАЖ ЯВНА


- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс “давхар дээлтэй”  буюу төрийн албанд орсон хэд хэдэн төлөөлөгч байгаа. Эдгээр хүмүүсийн тухайд “давхар дээл”-ийг зөвшөөрсөн хууль батлагдах хүртэл нөхөн сонгууль зарлахгүй байх нөхцлийг үүсгээд байгаа мэт зарим нэг хүмүүс харж байна. Эдгээр төлөөлөгчид хэзээ төлөөлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх вэ?
- Сонгуулийн үеэр сөрөг хүчин суудал авахыг тулд боловсон хүчнээ бүгдийг нь шавхаад сонгуульд “сойчихдог”. Тухайн намаас шилэгдэж сонгогдсон хүмүүс сонгуульд ялалт байгуулаад, төлөөлөгч болдог. Ийм үед төрийн албан дээр дадлага туршлагатай хүмүүс цөөрдөг тохиолдол гарч байна. Үүнтэй холбоотой Төрийн албаны тухай хуулинд тодорхой хэмжээний хувийг нь зохицуулж өгөх тухай яригдсан юм байна лээ. Гэхдээ энэ бол батлагдаагүй хууль шүү дээ. Манай ИТХ-аас хоёр төлөөлөгч төрийн албанд орсон. Эдгээр хүмүүс одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төрийн албан дээрээ жинхэлвэл төлөөлөгч маань сонголтоо хийнэ. Хэрвээ төрд ажиллана гэвэл төлөөлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө. Түүнээс биш батлагдаагүй хуулийн сургаар төлөөлөгчдийг төрийн албанд давхар суулгасан зүйл байхгүй. Төрийн өмч давамгайлсан, орон нутгийн өмчит газрууд, тухайлбал Эрдэнэт үйлдвэр, Хот тохижуулах газар, Эрдэнэт ус орон нутгийн өмчит компаниудыг удирдаж байгаа хүмүүсийн хувьд төлөөлөгчөөр давхар ажиллаж болно.
- Төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо ажиллахад хөрөнгө мөнгөний бололцоогүй байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ? Мөн УИХ-тай адил иргэдтэй шууд харьцдаг Өргөдлийн байнгын хороо ажилладаг. Энэ хороонд иргэд хэр хандаж байна вэ?
- Шинэ хурал байгуулагдаад үйл ажиллагаа нь тогтворжиж байна. Аймгийн ИТХ-ын байгууллагын байнгын үйл ажиллагааг Тэргүүлэгчид удирдан явуулдаг. Хурлын байгууллагын үүрэг бол бодлого тодорхойлж, бодлогынхоо хэрэгжилтэнд хяналт тавина. Иргэдийн өргөдөл гомдлын хувьд аймгийн Засаг дарга ажил ихтэй учраас иргэдийг хүлээж авах тодорхой цагтай байдаг. Харин миний хувьд иргэдийг хүлээж авах тусгайлсан цаг байхгүй, байнга хүлээж авах боломжтой. Аймгийн ИТХ-ын байгууллага үндсэн зургаан хороотой, Өргөдөл гомдлын хороог дэд хороо болгосон. Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс өмнө нь сард 200 мянган төгрөг өгдөг байсан. Манай хурлын байгууллага төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж, сард 500 мянган төгрөг тойрогтоо зарцуулахаар ярьсан ч төсөв мөнгөний хүндрэлээс шалтгаалж багассан. Иймд сар бүр 300 мянган төгрөг өгч байхаар шийдвэрлэлээ. Төлөөлөгчид сар бүр үйл ажиллагаандаа зарцуулах 300 мянган төгрөгийн ажлын тайлангаа гаргаад явна. Юу ч хийгээгүй төлөөлөгчид өгөхгүй байх зэрэг шаардагатай. Одоогийн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид зөв бүтэцтэй. Нас, насны төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогдсон. Гэр хороооллын тойргоос сонгогдсон зарим төлөөлөгч тэндээ амьдардаг байх жишээтэй. Иймд ажиллахад дөхөмтэй, тойргийнхоо зовлон жаргалыг илүү мэддэг. Бид төлөөлөгчиддөө ажиллах нөхцлийг нь бүрдүүлэхийн хэрээр өндөр шаардлага тавьж байна.



                  Ярилцсан. М.Мөнхцэцэг /Erdenetnews.mn/