ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ц.Даваацэрэн “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” боллоо

2016-11-30

Орхон аймаг Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг шагнаж урамшуулдаг Эрдэнэт хотын эрхэм дээд шагнал болох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Аймгийн Засаг даргын нэрэмжит “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа аймгийн "Ёслол хүндэтгэлийн өргөө"-нд боллоо. 
   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн хамтарсан шийдвэрээр “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” хэмээх эрхэм хүндтэй шагналыг Монгол улсын “Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт” уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор  Цэрэвсамбын Даваацэрэнд гардуулан өгөв. 
 “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” шагналыг гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д. Батлут, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Рыгзын Ракшаевич болон аймгийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, холбогдох албаныхан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцсон юм. 
   "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Орхон аймгийн түүх салшгүй холбоотой.  Тэр ч утгаараа аймгийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн хамт олонтой урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж Орхон аймаг Эрдэнэт хотоо хөгжүүлэх олон чухал ажил дээр хамтарч ажилласан. Зам засвар, гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлаас гадна нэгэн чухал ажил хийгдсэн нь Орхон аймгийн түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын орон сууцны барилгын гадна фасад будах ажил байсан юм.  
     “Эрдэнэт хотын Хүндэт иргэн” шагналаар Эрдэнэт хотын 40 жилийн түүхэн хугацаанд 21 иргэн шагнагдаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү 22 дахь иргэн гардаж авлаа.