ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Маршал Ю.Цэдэнбал агсныг “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нөхөн шагналаа

2016-11-23


    Монгол улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар. Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосныг тэмдэглэх “Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг “Уурхайчин” соёлын ордонд зохион байгууллаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт" үйлдвэрийг  Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал хүргүүлснээр Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор батламжилсан билээ. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Ю.Цэдэнбал агсны эгчийн охин н.Цэндсүрэн, “Ю.Цэдэнбал” академийн төлөөлөл, аймгийн удирдлагууд болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, төр захиргаа, боловсролын байгууллагад ажиллагсад, ахмад настнууд урилгаар оролцлоо.

    “Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут,”Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Д.Даваасамбуу нар үг хэллээ.  Ю.Цэдэнбал агсныг Монгол төрийн алтан жолоог атгаж байх үедээ “Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах, “Эрдэнэт” хотын түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавъяа байгуулсныг үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нөхөн шагнаж, дагалдах 2 сая төгрөг, өргөмжлөлийг Ю.Цэдэнбал агсны эгчийн охин н.Цэндсүрэнд гардуулан өглөө. Мөн “Ю.Цэдэнбал” академийн шагнал “Алтан-Од” медалиар нэр бүхий  хүмүүсийг шагнасан юм. Үйл ажиллагаа нь дунд сургуулийн сурагчид, “Хүүхэлдэйн театр”, “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтоор үргэлжилж, Ю.Цэдэнбал судлалын онол практикийн бага хурал явагдан, "Ю.Цэдэнбал ба Эрдэнэт" түүхэн баримтат кино үзүүлж, эцэст нь Ю.Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаар дэлгэсэн үзэсгэлэнг танилцуулснаар өндөрлөлөө.