Орхон аймгийн Жаргалант сумыг 2012-2016 онд удирдсан удирдлагууд “Эко хороолол”-ийн хашаанд 1 тэрбум 395 сая төгрөг зарцуулсан байдаг. Одоо тэр хашаа нь Хөвсгөл-Булган-Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд зорчигчдод асуулт болдог, хатуухан хэлэхэд орой үдэш яваа хүмүүст айдас төрүүлдэг, шүтлэгтэйхэн нэгнээр нь маани хэлүүлдэг “Оршуулгын газар” гэмээр байгууламж болчихоод байгаа. Чулуун шон, хайс гээд хэн ч харсан чимээгүй хотоо суман дундаа авчирчихсан мэт энэ өндөр өртөгтэй, сүржин нэртэй хашаа хэзээ эзнээ олохыг ёстой бурхан л мэдэх биз. Дэргэд нь Эрдэнэт гэх бүхэл бүтэн хот сүндэрлэж, дэд бүтэц хөгжиж байхад энд, Жаргалант суманд өндөр үнэтэй “Эко” хороололд амьдрах тийм “зожиг” нэгэн олдох эсэхэд олон хүн эргэлздэг. Асуудал байхгүй, мөнгө төгрөг нь хахаж цацаад байсан бол “Эко”-гоо барина уу, оршуулгаа төвхнүүлнэ үү ёстой падгүй хэрэг. Гэвч... Жаргалант сумын цэцэрлэгийн барилга стандартын шаардлага хангахаа больж, хүүхэд хүлээн авахад хүндрэлтэй болоод байгаа талаар цөөнгүй жил яригдсан. Одоо ч хүүхдүүд албан ёсоор бол үйл ажиллагаа явуулах боломжгүй байранд даарч жиндэн гадуур хувцастайгаа шахуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Үүний зэрэгцээ сургуулийн дотуур байр нь засвар шинэчлэлтийн дорвитой арга хэмжээ аваагүйгээс шал нь ялзарч цөмөрсөн, хүүхэд суудаг тасгуудын 7 цонх хагарсан, хана нь зарим газраа чийг цохиж нурсан байдалтай байгаа юм. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр дотуур байранд амьдардаг 55 хүүхдэд амаа чийглэх ямар нэг ундны эх үүсвэр байдаггүй, хүүхдүүд зөвхөн цай, хоолонд орох үедээ л шингэн зүйл уудаг, бусад үед крантны усаар амны цангаагаа гаргадаг зэрэг хүүхдийн эрх зөрчигдсөн ноцтой асуудлууд байжээ. Хүүхдүүддээ хэдхэн цонх шиллээд, ядаж ус буцалгагч, шүүгч аваад өгчих сэтгэлгүй эрхэм дарга нар дулааны станц бариулна хэмээн зөвхөн зураг төсөл гаргуулахдаа 150 сая төгрөг төлсөн байдаг. Бараг дотуур байраа бүрэн засч, тоноглох хэмжээний мөнгөөр цаасан дээр ганцхан зураг гаргуулсан гэсэн үг. Гэхдээ одоо хэр Жаргалант сумын дулааны асуудал доголдолтой, иргэд нь хүйтэн нойтонд зутруухан л өвөлжиж байгаа. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн дүнгээр томилогдсон удирдлагууд болох сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, ИТХ-ын дарга Г.Баттогтох нар ийм нөхцөл байдал, бас бүрэн улайж хоосорсон данс хүлээн авсан ч зүгээр суусангүй. Юуны түрүүн дотуур байрныхаа хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, өмнөх дарга нарын өрөөндөө тавьж, өөртөө зориулахаар бэлтгээд байсан шинэ ус шүүгч, телевизийг дотуур байрны сурагчдад шилжүүлэн өгчээ. Өгье, болгоё гэх сэтгэл байвал шийдэл байж болдгыг залуу удирдлагууд ийн харуулсан нь олны талархалыг хүлээгээд байна.
Эх сурвалж Tungalag.mn http://tungalag.mn/index.php/2014-06-25-11-26-26/item/774-395
Эх сурвалж Tungalag.mn http://tungalag.mn/index.php/2014-06-25-11-26-26/item/774-395