ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэрэг 7.2 хувиар буурчээ

2016-11-15

Аймгийн Гэмт хэргээс Цагдаагийн газраас энэ оны 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг хийлээ. Энэ он гарсаар аймгийн хэмжээнд 448 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хэргээр буюу 7.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 63 хувь байгаа нь 2.7 пунктээр өссөн гэсэн үг. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 179 нь бусдын бие мах бодод гэмтэл учруулах, 149 нь хулгайлах, 21 нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 12 нь хүчиндэх, 12 нь залилан, 10 нь дээрэмдэх гэмт хэрэг байжээ.  Тоон үзүүлэлтээс харахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5.6, гэр бүлийн хүчирхийлэл 28, хүүхэд оролцсон гэмт хэрэг 41.4, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 14.3, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 33.7 хувиар тус тус буурсан аж. Түүнчлэн бусдын бие мах бодод гэмтэл учруулах хэрэг 8.7, танхай 20, залилан мэхлэх гэмт хэрэг 52 хувиар буурсан гэж Цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ.

Мөн гэр орон сууцанд 227 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өсжээ. Энэ нь ахуйн хүрээнд архидан согтуурах үзэгдэл буурахгүй байгааг харуулж байгаа талаар Цагдаагийн газрын дарга хэллээ. Мөн хулгай, хүчиндэх, дээрэмдэх, завшиж үрэгдүүлэх зэрэг хэргүүд тодорхой хувиар өссөн байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэгт 410 гаруй иргэн холбогдсон. Үүний 65.6 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байгаа гэнэ.

Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн илрүүлэлтийг сайжруулахад камерын хяналтыг бүрэн ашиглах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа юм байна. Харамсалтай нь хотын хэмжээнд нийтдээ 191 камер суурилуулснаас одоогоор 89 нь огт ажиллахгүй байгаа гэнэ. Үүнийг засварлахад 20 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог холбогдох байгууллагууд нь гаргажээ. Камерын хяналтыг бүрэн ажиллуулж чадахгүй байгаа нь гүйцэтгэгч компаниас шалтгаалж байгаа аж.  

Эх сурвалж: http://erdenet.mn/