ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хамгийн түрүүнд цэцэрлэг, сургуулийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ

2016-11-11

    2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Аймгийн ИТХ-ын хувьд анхдугаар хуралдаанаа хийж, ажлаа эхэлсэнээс хойш 4 сарыг үдлээ. Өнгөрсөн хугацаанд ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллаж, аймгийн ИТХ 3 удаа хуралдсан.
    Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу ИТХ ирэх 4 жилд ажиллах чиглэлээ  тодорхойлж батлан, ИТХ-ын хороодыг байгуулж, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэн жагсаасан байна. Энэ талаар болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тухай аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагватай ярилцлаа. Тэрээр аймгийн ИТХ-д Жаргалант сумынхныг төлөөлөн сонгогдсон билээ.
- 2016-2020 онд ажиллах аймгийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлээд 4 сарыг үдлээ. Өнгөрсөн хугацаанд чамгүй зүйл хэлэлцэн шийдвэрлэж, олон ажил эхэлсэн байх?
- 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д бүх шатанд итгэл үзүүллээ. 7 дугаар сарын 18-ны өдөр манай ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, бүрэн эрхээ баталгаажуулан, тэргүүлэгчдээ баталсанаас хойш өнөөдрийг хүртэл цаг үеийн шаардлагаар 3 удаа хуралдсан. Тэргүүлэгчдийн хувьд 11 удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар шийдвэр гаргасан байна.
    Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэхэд аймаг, орон нутгийн хувьд янз бүрийн тулсан асуудал их байлаа. Нийт нутгаар үерийн гамшиг болж, нэлээд хохирол учирсан байсан. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад МСҮТ-ийн 1000 м.кв дээвэр хуурсан, Говил багийн сургууль, цэцэрлэг усанд автсан, зарим зам гүүр эвдэрсэн, нилээд олон орон сууцны подваль усанд автсан байсан. Тиймээс нэн түрүүнд үерийн хохирлыг барагдуулах шаардлага тулгарсан.
- Ажил аваад л Эрдэнэт хотын 40 жилийн ойн арга хэмжээ эхэлсэн шүү дээ. Төсвийн хүндрэл их гарав уу?
- Эрдэнэт хотын 40 жилийн ойн баярыг “Хангайн бүсийн хурд” уралдаантай хамт хийхээр Засгийн газрын тогтоол гарсан. Гэсэн ч өмнө нь баярын хурлаа хийж, баталсан төсвөө бараг дуусгасан байсан. Ер нь төсвийн хувьд боловсролын салбар 360-аад сая төгрөгийн цалингийн өртэй, эх үүсвэр нь тодорхойгүй 2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн зэрэг хүндрэлтэй ажил хүлээж авсан.
- Шийдвэрлэх асуудал олон байсан учраас аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдааныг даруй хийсэн байх?
- Тиймээ. Болзошгүй аваарын зардлаар хийх олон ажил байсан учир ээлжит бус 2-р хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцсэн. Энэ хуралдаанаар 700-аад сая төгрөгийг болзошгүй аваарын зардалд баталж, зайлшгүй шаардлагатай ажлуудыг хийсэн. Одоо баригдаж байгаа хэрнээ ашиглалтанд орох бололцоогүй, дутуу санхүүжилттэй 4, 5-р хорооллын ӨЭМТ-ийн 410 сая төгрөг, зайлшгүй шаардлагатай ажлын зураг төсвийн зардалд 200 сая төгрөг, Эрдэнэ багт дэд станц, цахилгааны шугам хүрээгүй айл өрх рүү шугам, дэд өртөө барих, Баянцагаан баг ПДУ-ийн айл өрхүүдийг төвлөрсөн шугаманд холбох 204 сая төгрөг, Баянбулаг багийг төвлөрсөн шугамд холбох 35 сая төгрөгийн ажлууд батлагдсан. Түүнчлэн тэргүүлэгчдийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл, ХАА-н асуудлаар зохих шийдвэрүүд гаргаж ажиллалаа.
- Эдгээрээс гадна хурлын чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, хороодын үйл ажиллагаа эхэлсэн?
- Аймгийн ИТХ ирэх 4 жилд баримтлах хурлын чиглэлээ баталж, хурлын үндсэн бүтэц болох 6 хороог байгуулаад, нэг хорооны дэргэд Өргөдөл, гомдлын дэд хороо байгуулсан. Мөн 3-р хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад хурлын төлөөлөгчид багууд болон өөрсдийн сонгогдсон тойрогт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, гол ажлуудыг эрэмбэллээ. Хөрөнгийнхөө хэмжээнд тааруулж, тодорхой эрэмбээр ажлаа хийгээд, шийдээд явахаар болсон.
- ИТХ-ын зүгээс цаг үеийн өөр ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ?
- Орон сууцны фасад будах ажлыг өмнөх хурлын бүрэлдэхүүн хийгээд дууссан тухай буруу ойлголт иргэдийн дунд байна. Төв замын урд хэсгийн ажил шийдэгдсэн байсан. Харин хойд хэсгийн байруудыг будах хөрөнгө аймгаас гарах учиртай. Бид бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хурлын шийдвэр гарч, “Эрдэнэт” үйлдвэртэй тохирч энэ хөрөнгийг шийдвэрлэсэн.
    Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өмчийн харъяалал өөрчлөгдсөнтэй холбоотой Орос цэцэрлэг, сургуулийн асуудал гарч ирсэн. Уг цэцэрлэг, сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн 95 хувь нь Монгол хүүхэд. 12 дугаар сард Орос ажилтнуудын гэрээ дуусаад нутаг буцахаар энэ сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудлаар  ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Рыгзын Ракшаевич болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан. Бид ярилцаж, тохиролцоод Орос цэцэрлэг, сургуулийн ажлыг хэвийн хэмжээнд явуулахаар болж байна. Урьдны Засгийн газраас Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулах шийдвэр гаргасан юм билээ. Яаж ч бодсон Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтийг түшиглэн байгуулах нь зүйтэй л дээ. Ийм учраас бид Засаг даргын хөтөлбөрт эндээ байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх талаар тусгасан. Энэ бол маш том зорилт л доо.
- Гадаад харилцааны хувьд хурлын зүгээс ямар алхамууд хийсэн бэ?
- Засаг даргын хамт ОХУ-ын Улаан-Үдэ хотын 350 жилийн ойд оролцсон. Манай Эрдэнэт Улаан-Үдэ хоттой 15 жилийн турш эгч дүүсийн хамтын ажиллагаатай байгаа. Гэсэн ч сүүлийн 3 жил энэ харилцаа царцанги болсон гэж тэд хэлсэн. Тиймээс энэхүү харилцаагаа сэргээж, бодит байдлаар хамтран ажиллана. Аймгийн Засаг дарга саяхан БНСУ-ын Шихэн хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар санал солилцоод ирсэн. Үүнийг хурлын зүгээс дэмжиж байгаа. Цаашид ч Орхон аймагтай хүн ам, бусад зүйлсээрээ ижил төстэй хотуудтай харилцаж, иргэдийнхээ эрх ашгийн төлөө бодитой үр дүн гаргах гадаад харилцааг дэмжиж ажиллах болно.
- Аймгийн ИТХ 2-р хуралдаанаараа 2015 оны төсвийн гүйцэтгэлийг баталж, 3-р хуралдаанаараа 2016 оны төсвийн тодотгол хэлэлцэн баталсан. Орхон аймгийн эдийн засаг ямар хэмжээнд байна вэ?
- Эдийн засгийн хямрал болж байгаа нь бидний нүдэн дээр ил байгаа. Өмнө нь инфляцийн түвшин нэг оронтой тоонд байна гэж худлаа ярьж байсан гэдгийг бид одоо харж байна. Хэрэглээ нь импортоос шалтгаалдаг манай улсын хувьд долларын ханш ингэж өсөх нь хүнд цохилт болж байна. 2012 онд Монгол улс түүхэндээ байгаагүй 17 хувийн эдийн засгийн өсөлттэй байсан бол одоо хасах руу орчихсон. Тиймээс шинэ Засгийн газар 2017 онд эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэх зорилт тавьсан.
    Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хувьд хямарсан. Харин аймгийн төсөв бусад аймгийг бодоход арай гайгүй байх болов уу гэж найдаж байна. Улсын хэмжээнд нийслэл болон хоёр аймаг нэмэх баланстай явж байгаагийн нэг нь манай аймаг. Бусад аймаг бол алдагдалтай явж байна. Биднийг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхэд төсөв санхүүгийн гэхээсээ илүү бодлогын хямрал их байсан.
    Цэвэр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр бууж, малчдын маань түүхий эдийн үнэ унасан, өрхийн жижиг дунд үйлдвэрлэлүүд хаалгаа барьж, иргэдийн хувьд эдийн засаг хямарсан нь илт харагдаж байгаа.
- Удахгүй 2017 оны төсөв хэлэлцэнэ. Эрдэнэт хотод нэн тэргүүнд хөрөнгө зарж хийх ямар ажил эрэмбэлэгдсэн бэ?
- Иргэдийн санал, хүсэлтийн дагуу шаардлагатай ажлуудыг эрэмбэлсэн. Хамгийн түрүүнд цэцэрлэг, сургуулийн хангамжийг нэмэгдүүлэх. Одоо Эрдэнэт хотод 7500 орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна. Одоо ажиллаж байгаа цэцэрлэгүүд бүрэн  хүчин чадлаараа явахад эдгээр хүүхдүүдийн 92 хувийг цэцэрлэгт хамруулж байна гэсэн тоо бидэнд өгсөн. Гэхдээ хамрах тойргоороо бол Рашаант, Уртын гол зэрэг багуудад цэцэрлэг байхгүй. Даваат, Яргуйт багуудад цэцэрлэг, сургууль ашиглалтанд орох гэж байгаа.
    Мөн Орхон аймгийн бүх хүн амын 97 хувь нь төвдөө төвлөрсөн байдаг. Үүнийг дагаад хот тохижилтын асуудал яригдана. Хамгийн шаардлагатай асуудал бол инженерийн шугам сүлжээний шинэчлэл. 2012 онд энэ шинэчлэлийн ажил 17 хувь байсан бол одоо 25 хувьд хүрсэн гэж байна. Цааш нь шинэчлэл хийж байтал өмнөх нь нөхөгдөх хугацаа нь дуусах асуудал гардаг.
    Гэр хорооллын иргэдийн дэд бүтцийг сайжруулахаар ойрын цэвэр усны эх үүсвэр ашиглана гэж тойрог шугам татсан байсан. Гэхдээ энэ нь эцсийн хэрэглэгч рүү ороогүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр МОН 2301 төслөөр хийгдэж, олон жил яригдаж байгаа ажил. 2012 онд 40-өөд км-ийн тойрог үүсэн шугам барьсан байсан ч харамсалтай нь өнгөрсөн 4 жилд урагшлаагүй байна. Үүнийг сайжруулах, үргэлжлүүлэх ажил шаардлагатай. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил их удаж байна. Эдгээрээс гадна нийтийн тээвэр, эрүүл мэнд боловсролын салбарт үе шаттайгаар хийх ажил их бий. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр ч ажил хийгдэнэ.
-Таны хувьд Жаргалант сумаас сонгогдсон төлөөлөгч. Тойрог руугаа хандсан ажлууд төлөвлөсөн байх?
- Жаргалант суманд нэн түрүүнд хийх ажил бол уурын зуухны шинэчлэл. Энэ ажлыг нэг жилийн дотор орон нутгийн төсвөөр барьчих боломжгүй. 2-3 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэх хөрөнгөөр босно. Тэгэхээр 2 жил дараалаад ч болов хийж дуусгах хэрэгтэй. Сумын иргэдийн ихэнх нь ногоо тарьж амьдардаг. Тиймээс байцааны зоорь барьсан. Тоног төхөөрөмж байхгүй. Зоорьныхоо үнэнээс давсан тоног төхөөрөмжийн тооцоо орж ирсэн учраас энэ жил хийгдээгүй.
    Жаргалант сумаа түшиглээд Агропарк байгуулах асуудлыг ярилцаж байгаа. Агропаркд мах, ногоо, сүүний асуудал багтана. Энэ бол их том зорилт. Ганц хоёрхон зүйл хэлж байгаа ч эдгээрийг шийдчихвэл Жаргалант сум сайхан болно гэж бодож байгаа.
- Жаргалант сумын ногоочид намар Эрдэнэт рүү орж ирж ногоогоо худалдан борлуулах цэггүй хүндрэл гардаг шүү дээ?
- Аль ч хөгжилтэй орнуудын хотод гадна талбайн худалдаа байдаг. Тиймээс стандартын болоод эрүүл ахуйн шаардлага хангасан байх шаардлага тавихаас биш гадаа худалдаа хийхийг хориглохгүй. Харин ч чөлөөтэй зарж, иргэд хэрэгцээгээ ойроос хангаж, дамжаагүй гар дээрээс авах боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн Хангалын гол дээр ус цэвэршүүлэгч тавих асуудлыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Үндсэн чиглэлд ч оруулах бодолтой байгаа. Ингэснээр Жаргалант сумын ногоочдын төдийгүй малчдын мах, сүүний чанарын тухай баталгаагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй яригддаг асуудал шийдэгдэж, Жаргалантынхны маань хөдөлмөр зохих ёсоор үнэлэгдэх юм.
- Аймаг, орон нутгийн хэмжээнд хэмнэлт хэр хийх бол?
- Хэмнэлтийн бодлого байх шаардлагатай. 2012 онд бид бүрэн эрхээ хүлээлгэж өгөхөд эдийн засаг өндөр өсөлттэй явсан ч орон нутгийн төсвөөс 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан. Өнгөрсөн 4 жилийг харахад жилд 40-60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Хүний хийсэн сайн ажлуудыг бид үгүйсгэхгүй. Тухайлбал, хотын гэрэлтүүлэг байна. Гэхдээ хэр их хөрөнгөөр бүтээснийг нь, хэр их үр ашигтай хөрөнгө оруулалт болсныг нь харвал бас л өөр юм харагдана.
    Одоо бид нүдээ олсон ажилд хөрөнгө зарцуулна. Шаардлагатай гэж эрэмбэлсэн ажлаа эхэлж, үр ашгийг нь дээшлүүлэх ёстой. Саяхан 2017 оны Улсын төсвийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулиндаа тохируулж, улсын болон орон нутгийн төсөвт ямар бололцоо байна    түүнийхээ хүрээнд төсвөө батлах учиртай. Үүнээс л эдийн засгийн үр ашигтай байх бодлого харагдана.
Ярилцсан Б.Ганчимэг "Нар туссан цаг" сонин