ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

2016-11-01

    Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан 10-р сарын 28-ны 09.00 цагт Нутгийн Удирдлагын Ордны Хурлын танхимд эхэлсэн. Хурлын ирц 89 хувьтай байв. Хурлын дарга П.Пүрэвлхагва хурлыг нээж үг хэлэн, хурлын дэгийг уншиж танилцуулан, хурлаар хэлэлцэх асуудлуудыг баталж, Редакцийн комисс, тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосноор хурлын ажиллагаа жигдэрсэн. Асуудлуудын эхэнд Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг аймгийн Засаг дарга Д.Батлут танилцуулж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд олон нийтийн саналыг тусгах зорилгоор хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ахмадууд, хүүхэд, залуучууд, эрдэмтдийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарим төлөөлөгчдийг оролцуулсан байна.
 Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр болон   хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд:
Нэгдүгээрт: ЭРҮҮЛ –АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД 
Хоёрдугаарт: НИЙГМИЙН ДЭМЖЛЭГТЭЙ –АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
Гуравдугаарт: АЖИЛТАЙ-АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
Дөрөвдүгээрт: ОЮУНЛАГ, ЁС ЗҮЙ, СОЁЛТОЙ-АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
Тавдугаарт: ЭРҮҮЛ ХҮНС, ЦЭВЭР ОРЧИНТОЙ - АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
Зургаадугаарт: САЙХАН ХОТЫН - АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
Долоодугаарт: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨГӨӨЖТЭЙ - АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
Наймдугаарт: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТТЭЙ - АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
Есдүгээрт: ЧАДВАРЛАГ ЗАСАГЛАЛТАЙ  - АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭД
гэсэн үндсэн 9 бүлэг 116 зорилт, 298 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр хөтөлбөр төлөвлөгөөндөө тусгасан байна.
Удаах асуудал нь УИХ-аар 2016 оны улсын төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан орон нутгийн төсөвт хийсэн тодотголын талаар  аймгийн Засаг дарга Д.Батлут танилцуулаа. Орон нутгийн хөгжлийн сан 1.3 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх орлого 209.2 сая төгрөгөөр тус тус буурсан бөгөөд Халамжийн сан 187.0 сая төгрөгөөр, Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын зардал 434.3 сая төгрөгөөр, Улсын төсөвт төвлөрүүлэх орлого 490.3 сая төгрөгөөр нэмэгдэж батлагдсан.  Мөн Худалдан авах ажиллагааны алба орон нутгийн өмчийн харилцааны газрууд нэгдсэнтэй холбогдуулан тэгдээр байгууллагуудын төсвийг орон нутгийн Өмчийн газар Нийтлэг үйлчилгээний албаны төсөврүү шилжүүлэх, Ахмад настны байгууллагад орон нутгийн төсвөөс хуваан олгож байсан санхүүжилтийг нэгтгэх зэрэг өөрчлөлтүүд орж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тодотголыг хэлэлцэн, зарим асуудлыг тодруулан асуулт хариулт явуулсны эцэст баталж, тогтоол гаргахыг зөвшөөрлөө. Ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудал байсан бөгөөд илтгэлийг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр тавьж хэлэлцүүллээ. Баян-Өндөр, Жаргалант сумын Хуурай ам, Хөөврийн хөндийн газар бүхий 2173 га, Жаргалант сумын Хөндлөн намгийн газар бүхий 6781 га газруудыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг АИТХ-ын төлөөлөгч нар санал нэгтэй зөвшөөрч тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Хамгийн сүүлд нэмж хэлэлцсэн асуудал нь Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дэргэд Өргөдөл гомдлын дэд хороо байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг хорооны дарга Б.Оюунбаяр танилцуулж, дэд хорооны даргаар Ц.Алтаншагай, гишүүдээр Г.Эрдэнэбат, Д.Ууганбаяр нарыг санал болгоход төлөөлөгчид  зөвшөөрлөө. Хурал 12.15 цагт өндөрлөв.