ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Ю.Цэдэнбалын гавъяат үйлс бүдгэрэх ёсгүй” баярын хурал боллоо

2016-09-29

   Монгол улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Маршал Юмжаагийн Цэдэнбал агсаны 100 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр, Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн Орхон аймаг дахь салбар хамтран “Ю.Цэдэнбалын гавъяат үйлс бүдгэрэх ёсгүй” баярын хурлыг 9-р сарын 14-ний өдөр ”Уурхайчин” соёлын ордонд зохион байгууллаа.

   Тус ойн баярын хуралд “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мянганбаяр, ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, Увс аймгийн Орхон аймаг дахь Нутгийн зөвлөлийн дарга Л.Дулмаа, Ю.Цэдэнбал агсаны төгссөн Эрхүү хотын УАААДС-ийн төгсөгч, тус сургуулийг төгсөгчдийн Монголын холбооны тэргүүлэгч, Дэлхийн эдийн засгийн ухааны доктор Д.Галбаатар нар хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэллээ.

   Мөн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүн Б.Дашравдан залуусаа төлөөлж баярын хурал дээр үг хэлэв.

  Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн Орхон аймаг дахь салбараас 100 жилийн ойд зориулж аймгийн Номын төвд Маршал Ю.Цэдэнбалын үзэсгэлэнг гаргаж, түүний Эрдэнэтэд ирэхдээ байрлаж байсан байранд нь дурсгалын самбар босгосон байна.

  Баярын хурал дээр Ю.Цэдэнбал агсаны гавьяат үйлсийг мөнхжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг Маршалын нэрэмжит “Алтан –Од” медалиар шагналаа. 

 Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбал нь 1916 онд Увс аймгийн Давст суманд төрсөн. Монгол улсын төрийг 44 жил барьсан Монголын ард түмний суут удирдагчдын нэг билээ. Тэрээр 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.

  Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг Ю.Цэдэнбал даргын санаачлагаар байгуулсан түүхтэй.