Сумын ИТХ-ын ажлын албанаас цахим сайтдаа иргэдтэй уулзах цаг "Бидний бахархал" буланг шинээр нээн ажиллуулж байна. Энэ удаад ИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдсон иргэн Г.Болдоотой хийсэн ярилцлагаа та бүхэнд толилууулж байна.
Манай шинэ буланд оролцож байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны сэтгэгдэл?
Баярлалаа. Танай сайтаар дамжуулан Монголын нийт ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Та сумын ИТХ-д олон удаа сонгогдсон хүн. Энэ талаар өөрийн санал, нутгийн удирдлагын байгууллагын хөгжлийн талаар ярина уу?
Би 1996 оноос хойш сумын ИТХ-д 4 удаа сонгогдон ажилласан. Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан он жилүүд минь орон нутагт ардчилалын үйл явцыг хөгжүүлэн бэхжүүлэх, шинэчлэлийг цаг үед дасан зохицох тийм үе байлаа. Энэ хугацаанд сумын ИТХ-д төлөөлөгч төдийгүй Тэргүүлэгчээр тогтмол сонгогдон ажиллаж ирлээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ИТХ-ын эрх зүйн шинэчлэл, сонгуулийн тогтолцоо улам боловсронгуй болж сайжирч байна гэж боддог. Сумын ИТХ-ын ажлын алба, төлөөлөгч, тэргүүлэгчид нутгийн өөрөө удирдах ёсны зарчмын дагуу иргэд сонгогчидынхоо санал хэрэгцээнд тулгуурлан бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхэд сайн ажиллаж байна. Миний хувьд ИТХ-д сонгогдон ажиллахдаа аливаа асуудалд туйлшралгүй, төлөөлж сонгогдсон намынхаа шаардлагад хэт баригдахгүй уян хатан хандахыг хичээдэг.
Та сумынхаа тухай, түүний ирээдүйн тухай таны бодол?
Манай Өлзийт сум, Ламын гэгээний ариун голомт Хонгор нутгийн алтан босго гээд сайхан нутаг шүү дээ. Эрдэмтэн мэргэд, алдартан, авьяастан олонтой, оюунлаг, гэгээлэг ард түмэн байдаг юм. Байгаль газар нутгийн хувьд ч хангай говь хосолсон халхын уудам нутаг гэдэг шиг л. Хүн ардын аж амьдрал, хөгжил цэцэглэл, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн яваа энэ бүхнээрээ Хонгор нутгийн нэр нүүр толь болж яваа гэж бодогддог юм. Аймгийн төвдөө ойрхон дэд бүтэц сайтай гээд манай сумын давуу тал ихтэй л дээ. Цаашид ч үүн дээрээ суурилан Монгол орны хөдөөгийн сум суурингууддаа хөгжлийн жишиг болно байх.
Та сумынхаа Засаг дарга хийж байсан?
Би 1996-2000 онд сумынхаа Засаг даргаар сонгогдон ажилласан. Залуу насандаа сумынхаа ард иргэдийн итгэлийг хүлээн ардчиллын анхны Засаг даргаар ажилласандаа бахархаж явдаг. Сургуульдаа хичээлийн эрхлэгч, захирал, АББ-н арга зүйчээр ажиллаж байлаа. Одоо сургалтын менежерээр ажиллаж байна даа.
Таны бахархал үнэт зүйл?
Миний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, олон олон эрдэмтэн мэргэдийг сурган хүмүүжүүлсэн Ш.Лувсанванданы нэрэмжит "Сайн-Оюут" сургууль, өсөж төрсөн Өлзийт сайхан нутаг түүний оюунлаг хөдөлмөрч ард түмэн, ахан дүүс
Таны мэргэжил, хобби?
1990 онд УБДС-ийг зураг-шугам зургийн багшийн мэргэжлээр төгссөн. 2000 онд удирдлагын академид суралцаж төгссөн. Багш мэргэжилдээ дуртай. Хүүхдүүд бүгд л зургийг хичээлд дуртай байдаг болохоор урамтай. Харин яг энэ мэргэжлээрээ цөөхөн жил ажилласан даа. Зураачийнхаа хувиар ганц нэг бүтээл бий. Сумынхаа 90 жилийн ойгоор зургийн үзэсгэлэн гаргасан. Уран зохиол яруу найраг шимтэн уншдаг. Орос, англи хэл нэлээд үздэг байлаа. Одоо Монгол бичигтэйгээ л үлдэж дээ. Сонирхолын түвшинд гэх юм уу даа. Сүүлийн үед бас сайн фейсбүүкчин болоод байгаа. Цаг үетэйгээ зохицон хобби юм уу даа.
Ардчилалын тухай таны бодол?
Монгол оронд ардчиллын үйл явц ид өрнөж эхэлж буй 1990 онд оюутан байлаа. Жагсаал цуглаан бүхий л үйл явцад идэвхтэй оролцогчдын нэг. МСДН-ын анхны гишүүдийн нэг байгаа юм. Энэ үзэл бодолдоо тууштай үүгээрээ бахархаж явдаг. Одоогийн өрнөж буй үйл явцыг хүмүүс шүүмжилж л байдаг, алдаа байгаа л байх. Алдаагаа ухамсарлан засаж залруулж яваасай гэж боддог.
Та өөрийгөө тодорхойлохгүй юу?
Сумын дунд сургуулийн олон зуун эгэл жирийн багш нарын нэг дээ.
Манай буланд оролцож сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа. Таны ажилд улам их амжилтыг хүсье.