ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2015-03-07

Сүүн цацлаар өглөөг угтаж, сэтгэлийн гэгээгээр орчлонг сүлж байдаг нийт ээжүүддээ болон Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярын мэндийг өргөн дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.

Хүний амьдралын цаглашгүй урсгал эмэгтэй хүн, ээж хүнээс эхтэй. Тэр дундаа монголчууд эмэгтэй хүн, эх хүнийг илүү хүндэтгэн хайрладаг, эрхэмлэн нандигнадаг сайхан ард түмэн. 

Ээж  хүний энэрэл хайр, цагаан сүүгээр үр хүүхдүүд нь өсөн торниж, эхнэр хүний халамж хайраар  хань ижил нь амьдралыг туулж,  эмэгтэй хүний уян зөөлөн ухаан, нинжин сэтгэлээр төр түмэн түшиг хийж ирсэн бахархалт түүх, сайхан уламжлал бидэнд бий. Дэлхийд ижилгүй агуу түүх, өв соёлыг үлдээсэн Монгол түмний түүхэн замнал, хувь заяаг бүтээлцсэн Монгол ээжүүд, эмэгтэйчүүдээрээ Монгол төр үеийн үед бахархаж байдаг юм.

Жилд нэг тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид ээжүүдээ, эмэгтэйчүүдээ баярлуулан, хайрлан хүндэтгэхийн зэрэгцээ цаашид энэ өдрийг эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд анхаарлаа хандуулдаг, эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар санаа тавьдаг, тодорхой ажлуудыг санаачилж хийдэг, гарсан үр дүнг хэлэлцдэг өдөр болгож тэмдэглэх хэрэгтэйг Орхончууддаа уриалж байна.

Аймаг, орон нутгийнхаа гэрэл гэгээ, өнгө зүс, ухаан тэвчээр, энэрэнгүй бүхний бэлгэдэл болсон эхчүүд, эмэгтэйчүүд та бүхний Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж, бүтээлчээр хөдөлмөрлөж ирсэн гавъяа зүтгэлийг Аймгийн ИТХ-ын даргын хувьд баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.

Нийт эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүд маань нүүрэндээ мишээлтэй, нүдэндээ цогтой, сэтгэлдээ гэрэлтэй, халамж хайрааар дүүрэн, аз жаргалтай байхыг чинь сэтгэлээсээ хүсч,  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

                                                      АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.МЯГМАРСҮРЭН