ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САЙН ҮЙЛСИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

2015-01-22

Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. 1925 оны 5-р сарын 8-нд Улаанбаатар хотноо “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” 2 бүлэг, 51 пионертэйгээр байгуулагдсан нь Монголын хүүхдийн байгууллагын үүсэл байсан байна. Пионерийн товчооны анхны даргаар МХЗЭ-ийн ууган гишүүн, их зохиолч Д.Нацагдорж ажиллаж байжээ. Харин Эрдэнэт хотод хүүхдийн байгуулла үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна. 1974 оны 9 сарын 1-нд анхны 8 жилийн сургууль байгуулагдаж 248 пионерийн гишүүний бүлгийн зөвлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Эрдэнэт хотын хүүхдийн байгууллагын үүсэл байжээ.

Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90, Эрдэнэт хотод хүүхдийн байгууллага үүссэний 40 жилийн ойг тохиолдуулаад Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын төлөө” сайн үйлсийн аяныг  2015 оны 1 сарын 21-ээс 2015 оны 10 сарын 1 хүртэл зохион байгуулахаар болж аяны нээлтийн ажиллагааг хүүхдийн ордонд зохион байгууллаа. Аяны нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Ш.Ганбат, Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх нар оролцсон бөгөөд Аймгийн ИТХ-ын дарга үг хэлж хүндэтгэл үзүүлсэн юм.

Аяны гол зорилго нь “Хүүхэд, гэр бүлийн идэвхи оролцоо, үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжин хөгжүүлэх, эрх нь зөрчигдсөн, хамгаалал шаардлагатай хүүхэд, гэр бүлд үзүүлэх нийгмийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийг татан оролцуулахад оршино” гэж Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс тодорхойлж  байгаа юм.

Аянд Орхон аймгийн нийт төрийн байгууллага, хүүхэдтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн бус байгууллагууд болон томоохон аж ахуйн нэгжүүд хамрагдах юм байна. Аянд хамрагдаж буй байгууллагууд 10 хоногийн хугацаанд батлагдсан хуваарийн дагуу аяны бэлгэ тэмдэг  болох лого, дэвтрийг хүлээн авч хэрэгжүүлсэн ажлын тайланг фото зураг, бичлэгийн хамт баримтжуулан дараагийн байгууллагад хүлээлгэн өгөх юм.