ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2014-12-31

     Эрхэм хүндэт Орхончуудаа, Эрдэнэт хотын иргэдээ!  Та бүхэндээ айлчлан ирж буй аргын тооллын 2015 оны шинэ жилийн  халуун мэнд хүргэж, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

      Улиран одож буй 2014 он дэлхийн эдийн засаг хямралтай, эрэлтээ дагаад манай орны гол экспорт болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш доогуур байсан ч манай иргэд, хувийн хэвшлийнхний шаргуу хичээл зүтгэлийн үрээр Монгол улс, Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн амьдралд нааштай өөрчлөлтүүд  гарсан жил байлаа.   

     Хэдийгээр улс орны мөнгө- санхүүгийн орчин таатай байгаагүй ч манай улсын эдийн засаг бүхэлдээ өсөлттэй гарсныг  тэмдэглэн хэлэх ёстой.

     Орхон аймаг  2014 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж  маш их ажил хийлээ. Аймгийн хэмжээнд 2013-14 онд улсын болон орон нутгийн төсвөөс 71.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн хугацаанд аймгийн хэмжээнд 57 үйлдвэр шинээр ашиглалтанд орж 9569 иргэн ажлын байраар хангагдлаа.  Эрдэнэт хотын гэр болон орон сууцны хорооллын зарим гудамжны автозам, байр хоорондын автозам, зогсоолыг бүрэн шинэчлэх ажилд орон нутгийн төсвөөс 9.0 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэр хорооллын гэрэлтүүлэг, цэцэрлэгийн хангамж, дээврийн засвар, амралт чөлөөт цагийн талбай байгуулах ажилд чанарын ахиц гарлаа. Улсын хэмжээнд ч нийгмийн хурц асуудлын нэг болоод байгаа цэцэрлэгийн хангамжийг сайжруулах зорилгоор “Оюу”, “Дэгдээхэй”, “Бялзуухай”, “Одод” цэцэрлэгийг байгуулж, гэр хороололд 18-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулж эдгээрт улсын болон орон нутгийн төсвөөс нийт746,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр1000 гаруй хүүхэд шинээр цэцэрлэгт сурч, хүмүүжүүжих нөхцөл бүрдэж, багаар бодоход 2000гаруй эцэг, эхчүүд сэтгэл амартайван ажил төрлөө эрхлэх боломж нөхцөл бүрэлдэж байгаа юм.

    Гэвч хийсэн ажил биш хийх ажил ямагт их байдаг нь хүний амьдрал хийгээд хөгжил дэвшлийн хууль билээ юм. Цаашдаа ч бид мянга, мянган эцэг эх, залуус, иргэдээ ажилтай орлоготой,  эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байлгахын төлөө, нийт Эрдэнэтчүүдийнхээ төлөө зоримог шийдмэг ажиллах болно.

    Нийт иргэд, Эрдэнэтчүүд та бүхний шаргуу хөдөлмөр, хичээнгүй чармайлтын үрээр 2014 онд Орхон аймаг, Орхончуудын ажил, амьдралын дүн нуруу түвшин цэгц байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Шинэ гарах 2015 он айл бүрт аз жаргал, хүн болгонд хийморь золбоо авчрах болтугай.

    Та бүхэн цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наалдуулан сайхан баярлаарай. Шинэ жилийн мэнд хүргэе.

 

                      Орхон аймгийн ИХ-ын дарга                                         Орхон аймгийн Засаг дарга 

                                Б. Мягмарсүрэн.                                                                Г. Зоригт