ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААН БОЛЛОО

2014-12-24

Аймгийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан 2014 оны 12 сарын 23-нд хуралдаж 4 асуудал хэлэлцэв.

Хуралдаанд Аймгийн 2014 оны тодотгосон төсөв батлах тухай илтгэлийг Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнэ тавьж хэлэлцүүлэв. Хуралдаанаар 2014 оны тодотгосон төсвийг хэлэлцэж баталлаа.

Мөн Аймгийн ИТХ-ын XXI хуралдаанаар “Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явцын тухай тайлан илтгэл”-ийг Аймгийн Засаг дарга Г.Зоригт тавьж хэлэлцүүлээ. Аймгийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрх чөлөөтэй иргэдтэй иргэншсэн Орхон аймаг, Эрдэнэт хот”,  “Эрдэм боловсролтой иргэдтэй оюунлаг Орхон аймаг, Эрдэнэт хот”, “Эрүүл чийрэг иргэдтэй, экологи цэвэр Орхон аймаг, Эрдэнэт хот”, “Ажилтай, орлоготой, чинээлэг иргэдтэй Орхон аймаг, Эрдэнэт хот”, “Аюулгүй орчинтой амгалан тайван Орхон аймаг, Эрдэнэт хот” гэсэн үндсэн 5 бодлогын чиглэлээр 101 зорилт бүхий 299 ажлыг хийхээр  тусгасан байдаг бөгөөд биелэлт нь 53.9 хувьтай байна. Тус хуралдаанаар Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Хангалттай гэж дүгнэлээ.

Мөн тус хуралдаанаар “Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2014 онд баримталсан бодлогын хэрэгжилт, 2015 онд баримтлах чиглэлийн тухай илтгэл”-ийг Аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат тавьж хэлэлцүүллээ. Хуралдаанаас энэхүү асуудалтай холбогдуулан Баян-Өндөр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүс тогтоох тухай, Газрын харилцааны талаар 2015 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай гэсэн тогтоолуудыг батлан гаргав.

Мөн тус хуралдаанаар Аймгийн ИТХ-ын байгууллагын 2014 онд хийсэн ажлын тайлан илтгэлийг Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тавьж хэлэлцүүллээ. Аймгийн ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 21 удаа хуралдсан бөгөөд 2014 онд Аймгийн ИТХ-ын ээлжит 8, хүндэтгэлийн 1, нийт 9 удаагийн хуралдаан хуралдаж 26 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.  Харин Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 28 удаа хуралдаж нийт 110 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хурлын хороод нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал , дүгнэлт гаргаж Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ дагуу идэвхитэй ажилласныг илтгэлдээ дурдлаа. Хурлын байгууллагын хяналт шалгалтын ажлыг Аймгийн ИТХ-ын 2014 оны ажлын төлөвлөгөөний хавсралтаар батлагдсан графкийн дагуу жилийн турш зохион байгуулж,  хяналт шалгалтын ажилд томоохон ахиц дэвшил гарсныг хурлын дарга илтгэлдээ онцолсон юм.

Аймгийн ИТХ-ын байгууллагын 2014 онд хийсэн ажлын тайланг төлөөлөгчид хэлэлцээд хангалттай гэж дүгнэлээ. Орхон Аймгийн ИТХ 2014 онд байнгын үйл ажиллагаатай парламентын хэмжээнд ажилласан гэхэд буруудахгүй гэдгийг төлөөлөгчид дүгнэлтэндээ онцоллоо.