ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨНДӨР УУЛЫН АЯЛАЛЫН ЗАМТАЙ ТАНИЛЦЛАА

2014-12-15


Аймгийн ИТХ-н дарга Б.Мягмарсүрэн болон хурлын хэсэг төлөөлөгчид Баян-Өндөр уулын аялалын зам, маршруттай танилцаж, аялагчдын явган алхах боломж нөхцлийг бүрдүүлэх талаар  хийгдсэн ажлын үр дүнг үзэж өнгөрсөн бямба гарагийн амралтын өдөр Баян-Өндөр уулруу явган алхлаа.

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биеийн тамир, спорт, нийтийн эрүүл мэндийн чиглэлд хийх ажлын хүрээнд Баян-Өндөр уулын аялалын зам, амралтын цэгийг тохижуулах зорилт тавигдсан байдаг. Энэ зорилт хэрхэн биелэлээ олж, явган аялагчдын алхах зам, маршрут, боломж нөхцлийг хэрхэн хангасныг хурлын төлөөлөгчид өөрдсийн биеэр явж үзлээ. Баян-Өндөр уулын явган аялалын зам, маршрутыг иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох, явган алхахад анхаарах зүйлсийн зөвлөмж бүхий самбар бий болгох, аялалын дундуур түр амрах цэг байгуулах зэрэг ажилд орон нутгийн төсвөөс 10 сая төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөөр  11-р хорооллын арын жалгаар гарах гүүр, аялалын маршрутыг харуулсан самбар, зам дагуух амралтын 2 цэг, зөвлөмж бүхий таних тэмдгүүдийг бий болгосон байна.  2014 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудаас 15 ажлыг онцолж, тэдгээрийн гүйцэтгэл ,чанар, үр дүн хэр байгааг  хурлын төлөөлөгчид өөрсдийн нүдээр харж танилцаж байгаагийн нэг нь энэ ажил юм. Нэг талаар орон нутгийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг шалгаж, нөгөө талаар амралтын өдрийг тохиолдуулан  эрүүл мэнддээ анхаарч явган алхсан энэ аялалд Орхон аймгийн уулчдын холбоо болон  Аялагч төвийн хамт олны төлөөлөл цуг явж хөрөнгө оруулалтын ажлын үр дүнгийн талаар санал бодлоо хуваалцаж, цаашид анхаарах зүйлсийн талаар  ч мөн саналуудаа хэллээ.

Баян-Өндөр уулын аялалын зам маршрутыг иргэд, олон нийтэд ойлгомжтой ая тухтай болгох ажлын гүйцэтгэлд зарим нэг алдаа дутагдал байгаа нь энэ үеэр бас харагдаж байлаа. Тухайлбал зам дагуух таних тэмдэг, зөвлөмж бүхий самбарууд нь хэврэг хийгдсэнээс зарим нь салж унасан, алга болсон дүр зураг ч бас харагдаж байна.

Өнгөрсөн жил Баян-Өндөр ууланд 6 мянга орчим модыг шинээр тарьж шинэ суулгацуудыг хамгаалахын тулд 60 сая төгрөгийн өртөг бүхий 1.7 км хашаажуулалтын ажил хийгдсэн. Энэ ажил хэр чанартай хийгдсэнийг хурлын дарга болон төлөөлөгчид энэ үеэр газар дээр нь үзэж, гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзан хашаажуулалтын талаар асуулт асууж мэдээлэл авлаа.

Сүүлийн үед иргэд эрүүл мэнддээ анхаарч явган алхах нь нэмэгдэж байгааг Аялагч төв болон Уулчдын холбооныхон хэлж байна. Хурлын төлөөлөгчдийг Баян-Өндөр уулнаас буух замд Орхон аймгийн нохой сонирхогчдын холбооны хэсэг залуус Баян-Өндөр уулруу явган алхахаар явж таарлаа. Энэ мэтчилэн иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч, хамт олон найз нөхдөөрөө амралтын өдрүүдэд явган аялал зохион байгуулж байвал олон төрлийн өвчнөөс эм тариагүйгээр урьдчилан сэргийлэх боломж байна.