ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАХИДЛЫН ХАРИУ

2014-12-10

Аймгийн ИТХ-ын ээлжит XX хуралдаанд Баян-Өндөр сумын Яргуйт багийн хүүхдүүдээс захидал ирсэн. Тэд захидалдаа өглөө эрт сургуульдаа очих гэж олон километр алхдаг тухайгаа, өвлийн харанхуй үүрээр алхахдаа айх, даарахаас эхлээд олон бэрхшээл туулдаг тухайгаа бичсэн байсан. Энэ захидлын хариуг Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, хурлын төлөөлөгчид Яргуйт багийн хүүхдүүдэд илгээсэн байна. 

 

 

                                                                  ЗАХИДЛЫН ХАРИУ

                                     Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн хүүхдүүдэд

 

Монгол орны гэрэлт ирээдүй болсон эрхэм дүү нарынхаа энэ өдрийн амрыг айлтган мэндчилье.

Юуны өмнө бага балчир гэлгүй өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг тодорхойлж,  шийдэл  дэвшүүлэн зориг гаргаж, захидал бичсэн дүү нартаа  баярлалаа.

Хүүхэд багачууд та бүхэнд тохиолдож байгаа бэрхшээл бол ах эгч нарынх нь хамгийн түрүүнд шийдэх ёстой, анхаарлаа хандуулах ёстой асуудал мөн юм.

Их залуу багт баригдаж байгаа 640 хүүхдийн сургуулийн тохилог байр 2015 оны 02 дугаар сард ашиглалтанд орно гэсэн баяртай мэдээг дүү нартаа дуулгахад таатай байна. Энэ сургуульд Яргуйт багийн хүүхдүүд та бүхэн суралцах бүрэн боломжтой бөгөөд хүйтэн өвөл хол газар алхаж сургуульдаа очдог бэрхшээл 2015 оны 2 дугаар сар гэхэд үгүй  болно.

Орхон аймаг хүн ам олноор төвлөрсөн Монгол улсын томоохон хотын хувьд нийтийн тээвэр тулгамдсан асуудал байсаар ирсэн. 2015 онд гэр хорооллын чиглэлд нийтийн тээврийн маршрутыг нэмж, хүүхэд багачууд та бүхнийг түүгээр үйлчлүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэхийн тулд энэ асуудлыг хариуцдаг ах эгч нарт нь үүрэг даалгаварыг өгч, биелэлтийг нь тооцож  ажиллах болно гэдгийг эрхэм дүү нартаа хэлье.

                                            Монгол орны ирээдүй болсон дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье.

 

                                            Та бүхнийг хүндэтгэсэн;

                                            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мягмарсүрэн

                                            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид