ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцэн баталлаа

2026-06-19

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр аймгийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулж, аймгийн ИТХ-аас төсвийн орлогын гүйцэтгэлийг  341.1 тэрбум, төсвийн зарлагын гүйцэтгэлийг 262.8 тэрбум төгрөгөөр баталлаа.

 2025 оны санхүүгийн аудитад төсвийн 81 байгууллага, 11 төсөл сан, төрийн 3, орон нутгийн өмчит үйлдвэрийн 14 газар, бусад 6 байгууллага хамрагдаж, хязгаарлалттай 7 байгууллага “хязгаарлалттай” дүгнэгдэж, нэг байгууллагад аудит дүгнэлт гаргахаас татгалзжээ. Аймгийн Засаг даргын зүгээс аудитын хязгаарлалттай дүгнэлт авсан байгууллагуудын ерөнхий нягтлан бодогч, удирдлагуудад аудитын зөрчил гаргахгүй байх чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байгаа талаар мэдээллээ. Төлөөлөгчид хязгаарлалттай дүгнэлттэй байгууллагууд цаашид үйл ажиллагаандаа анхаарах, давтан зөрчил гаргахгүй байх, давтан зөрчил гаргавал дараагийн шатны арга хэмжээг авах талаар саналаа илэрхийллээ.

Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн  2025 оны дүнг 903,8 тэрбум төгрөгөөр баталлаа. Төлөөлөгчдийн зүгээс орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан авто машиныг холбогдох хууль, дүрмийн дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулах, шаардлага хангахгүй эд хөрөнгийг актлах, зэрэг саналуудыг илэрхийлж байна.

Мөн өнөөдөр Орхон аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулийг Эрдэнэт хотын анхны удирдлагуудын нэг Жамъянгийн Банзрагчийн нэрэмжит болголоо.  Жамъянгийн Банзрагч нь 1975-1985 онд Эрдэнэт хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК, Хивсний үйлдвэр, Мод боловсруулах комбинат зэрэг аж ахуй, үйлдвэрийн газруудыг ашиглалтад оруулах, Эрдэнэт хотын бүтээн босгох ажлыг гардан зохион байгуулсан хүмүүн билээ.