ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сургуулийн ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-06-18

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид санаачлан ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийх, сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр танилцах ажлыг зохион байгууллаа.

Уг ажлын үр дүн, тайланг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлгийг А.Амарын нэрэмжит танхимд зохион байгуулж, Боловсролын газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнууд, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эмч нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр сургуулиудын ариун цэврийн байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, стандартын хэрэгжилт, сурагчдын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн орчныг сайжруулах чиглэлээр шаардлагатай бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ сургуулиуд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсрууллаа.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй, стандарт шаардлага хангасан орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, боловсролын байгууллага болон олон нийтийн хамтын оролцоог шаардсан чухал асуудал бөгөөд энэхүү ажлын хүрээнд гарсан санал, дүгнэлтүүдийг цаашдын бодлого, шийдвэрт тусган ажиллах юм.