ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

2026-06-10

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдлаа. Зөвлөлийн хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VII хуралдааныг 6 дугаар сарын 19-ний өдөр танхим, цахим хэлбэрээр зарлан хуралдуулж,  

1.    Аймгийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай;

2.    Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн 2025 оны дүн батлах тухай;

3.    Орон нутгийн өмчийн бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах тухай;

4.    Зөвшөөрөл олгох тухай (Дуудлага худалдаа зохион байгуулах) ;

5.    Нэрэмжит болгох тухай таван асуудал хэлэлцэхээр хурлын хуралдааны тов тогтоосон Хурлын даргын захирамжийг танилцууллаа.

Зөвлөлийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн бага бүлгийн 1-5 дугаар ангид 11,400 сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. Мөн орон нутгийн төсвийн 1.5 тэрбум  төгрөгийн санхүүжилтээр “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн дунд бүлгийн 6-9 дүгээр ангийн 8790 сурагчид өдөр бүр 180-200гр сүү өгч байна.

Үдийн хоол хөтөлбөрт нэг өдрийн дундаж илчлэг 500-610ккал байхаар тооцоолж байгаа бөгөөд долоо хоногийн 1 өдөр цагаан хоол байна. Нэг хүүхдэд ногдох 2500 төгрөгийн өртөгт багтаан үндсэн 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тэнцвэртэйгээр олгохыг зорьж байгаа бөгөөд Зөвлөлийн гишүүдээс хоол үйлдвэрлэлийн чанар, орчны ариутгал халдваргүйтгэлд анхаарах шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ.  

Зөвлөлийн гишүүдэд Эрдэнэт хотын 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн  өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгийн хийсэн ажлын явц, аж ахуйн нэгжийн ээлжит тооллогын дүн, аймгийн 2026 оны хөрөнгө оруулалтын ажлуудын явцын тухай  танилцууллаа.

Орхон аймагт 2026 онд улсын төсвийн 5, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 9,  аймгийн хөрөнгө оруулалтаар 118, Баян-Өндөр, Жаргалант сумын ОНХС-ийн хөрөнгөөр 69  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээрээс 188 ажилд гэрээ байгуулсан. Ажил нь эхэлсэн 136, ажил дууссан 26, комисс ажилласан 20 ажил байгаа юм. Зөвлөлийн гишүүдээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа компаниуд аюулгүй байдлаа хангах, тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбараа байршуулж иргэдэд мэдээллээ хүргэх, хяналтын инженерүүд явцын хяналтаа сайжруулах зэрэг саналыг илэрхийллээ.