Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн II хуралдаанаар Ээлжит VI хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, зөвлөлийн гишүүн М.Түмэнжаргал, Б.Оюун-Эрдэнэ, П.Лхагвасүрэн, Г.Ганзориг нар танхимаар, Н.Азжаргал цахимаар оролцлоо.
Аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Гансүх Орхон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийг танилцууллаа. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 249 арга хэмжээний 2025 оноос хэрэгжих 228 арга хэмжээний хэрэгжилтийг тайлагнаж үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг 169 шалгуур үзүүлэлтээр тооцон гаргасан байна. 21 арга хэмжээ болон зургаан шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй байна.
Мөн Зөвлөлийн хуралдаанд Орхон аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Бат-Өлзий танилцууллаа. Дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй холбоотойгоор илтгэлийг сайжруулах, Бодлогын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийх журмын өөрчлөлтийг танилцуулах, хэрэгжилт хангалтгүй арга хэмжээний тайланг дэлгэрэнгүйгээр Төлөөлөгчдөд танилцуулах зэргийг Зөвлөлийн хуралдаанаас үүрэг болголоо.
Хуралдааны төгсгөлд илтгэл, илтгэгчийг баталсан аймгийн ИТХ-ын даргын захирамжийг танилцууллаа. Дээрх асуудлуудыг хороодын хуралдаанаар дахин хэлэлцэж, энэ сарын 29-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлэх юм.
