ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ

2026-01-22

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Цагаан тоосны дэгдэлт сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ. Хөтөлбөрийн хүрээнд 18 ажил арга хэмжээг хэрэгжүүлж дундаж биелэлт 92.3 хувьтай. Үнэлэх боломжгүй 3 арга хэмжээ байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль,  Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер шалгаруулалт болон цахим дэлгүүрээс худалдан авалт хийж байгаатай холбоотойгоор Жаргалант сумын иргэдийн тариалсан хүнсний ногооны борлуулалтад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрдэнэс Монгол” нэгдлээс ирүүлсэн чиглэлийн дагуу  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны төлөвлөгөөт ажлуудыг дараа он руу шилжүүлэн гүйцэтгэх үүрэг авч шинэ Хархорум хотын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, ойн зурвас байгуулахад 122428 ширхэг мод тарьснаар Хангал голын дагуу бургасан плантаци үүсгэх болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт ойн зурвас, төгөл байгуулах ажлыг  үнэлэх боломжгүй гарчээ.

2025 онд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны нөлөөллийн бүсийн 500 иргэнийг эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамруулжээ. Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэх зорилгоор нөлөөллийн 9 удаагийн арга хэмжээг зохион байгуулж,  1510 иргэн эрүүл мэндийн сургалтад  хамрагдсан байна.

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Австрали улсын “ATC Willams Pty Ltd” компанитай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Баяжуулах үйлдвэрийн шинэ хаягдал хураах сангийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төслийн талбайд судалгаа, өрөмдлөг, туршилт, шинжилгээний ажил хийж гүйцэтгэж байгаа юм. Мөн шинэ хаягдлын сан барьж байгуулах талбайн түүх, археологийн дурсгалуудыг соёлын өв хариуцсан холбогдох байгууллагуудтай хамтран авран хамгаалах, шилжүүлэх, хадгалах, талбайг чөлөөлөх ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Шинэ хаягдлын сангийн ТЭЗҮ-ийг 2026 оны эхний хагас жилд дуусгахаар барилгын ажлыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр 2029 оны сүүлийн хагас гэхэд ашиглалтад орох урьдчилсан тооцоололтой байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хэллээ. Мөн шинэ хаягдлын санд хаягдал өтгөрүүлэх технологи ашигласнаар тоос босох магадлал 2 хувь болж буурах, мөн суурьшлын бүсээс хол учир Орхон аймгийн хэмжээнд цагаан тоосны дэгдэлт байхгүй болох ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжулах үйлдвэрийн  Хаягдлын аж ахуйд хуурайшилттай талбайг багасгах зорилгоор хаягдал булингаар болон усаар норгох, Magnofloc-336,  “Pitrosoil” полимер болон кальцийн хлорид (CaCl2) урвалжийг тусгай зориулалтын техникээр цацах, намираа хойлоогоор усалгаа хийх зэргээр цагаан тоосны дэгдэлтийг бууруулан ажиллаж байгаа юм.