ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Жендерийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хэлэлцлээ

2026-01-22

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хүн ам хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт Жендерийн талаар баримтлах бодлогыг 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тайланг хэлэлцлээ. 2025 онд 15 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, биелэлт 93.3-тай байна. Өнгөрсөн онд хийгдсэн ажлаас товч дурдвал,

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 онд батлагдсан Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн хүн амын дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эрэгтэйчүүд бие бялдрын хувьд эрүүл, илүүдэл жингүй байхад чиглэсэн зургаан удаагийн нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг зохион байгуулж, 37 аж ахуйн нэгж, байгууллагын 8530 иргэнийг хамруулжээ.

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж технологид суурилсан хүчирхийллийн эсрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, цахим хичээл, сургалт, жендерийн мэдлэг ойлголт, шалгах тест зэрэгт давхардсан тоогоор 650 гаруй иргэд хамрагдаж, цахим хичээлийг 2 үе шаттай  бэлтгэн ерөнхий боловсролын 28 сургуулийн ахлах ангийн 3000 хүүхдэд зааж, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн нөлөөллийн ажлыг зохион байгуулжээ.

 “Өсвөрийн сэтгүүлч” бүлгэмийн сурагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэл”-ийн талаар хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс сонирхолтой ярилцлага авч, подкаст хийж, сургуулийнхаа цахим орчинд түгээсэн. “Бидний нөхөрлөл зөв зүйлээр холбогддог”, “Чиний профайл чиний өмч” үзүүлэнг  анги танхим, мэдээллийн самбар, хүүхэд хөгжлийн өрөө, сургалтын өрөө, охидын булан, өлгүүр, жижүүрийн хэсгүүдэд байршуулж олон нийтэд түгээсэн.

Мөн Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газартай хамтран багш, ажилчдадаа “Жендерийн ялгаатай байдал, эрэгтэй эмэгтэй суралцагчийн бие махбод нийгэмшлийн ялгаа” сэдвээр сургалтыг зохион байгуулж нийт 50 сургууль цэцэрлэгийн 100 гаруй удирдах албан хаагчдыг хамруулж, боловсролын салбарын багш ажилчдын соёл, тэгш байдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьсон юм.

Өсвөр насны хүүхдүүд, эмэгтэйчүүдэд зориулсан сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулснаас гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг ойртуулах зорилтын хүрээнд Цэргийн жинхэнэ албанд татагдаж буй залуучуудын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо эмчилгээ; БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах идэвхийг сайжруулах зэрэг ажил арга хэмжээг хэрэгжүүлжээ.

 

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс төлөвлөгөөний тайлагналтыг анхаарах, жендерийн асуудал гэхээр  эмэгтэйчүүдийн асуудал юм шиг ойлгогддог буруу ойлголтыг залруулах,  аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн  хүйсийн тэгш эрхийн ойлголтыг сайжруулах, сургалт зохион байгуулах, дунд хугацааны бодлогын баримт бичигт жендерийн тэгш байдлыг хангаж, мэдрэмжтэй төлөвлөлт хийх зэрэг саналуудыг илэрхийллээ.