ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажлынг танилцууллаа

2025-12-24

Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгээс 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг аймгийн ИТХ ын ээлжит бус 9 дүгээр хуралдаанд танилцууллаа. Ерөнхий ажлын хэсгээс гадна  

1.    Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах

2.    Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын дэд ажлын хэсэг

3.    Аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулах

4.    Соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах

5.    Спортын арга хэмжээ зохион байгуулах

6.    Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгүүдээс ирсэн саналыг нэгтгэн 124 арга хэмжээг 58.7 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар урьдчилсан тооцоо гараад байна.  Үүнээс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9.6 тэрбум, Баян-Өндөр сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 сая, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум, томоохон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хандиваар 46.6 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөөд байна.

Бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд худалдан авалтын 4, бүтээн байгуулалтын 5, тохижилтын 19 ажлыг хийхээр тусжээ. Тодруулбал, эрх чөлөөний өргөн чөлөөний Чандмань уулзвараас 5-р хорооллын уулзвар хүртэл  авто замд засвар хийх, Амарын талбайг гантиглах, цахилгаан машин цэнэглэх зогсоол, авто машины зогсоол, отоглох цэг төлөвлөх зэрэг бүтээн байгуулалтын ажил,

Жаргалант сумын трактортой хөшөө,  Цагдаагийн пост, Эрдэнэт угтах хаалга, Гурван замын уулзвар, Вокзал, Бурхан багшийн сэрэг дүр орчим, Төв зам дагуух хэсгийг тохижуулахаар төлөвлөөд байна. Мөн Э.Содномпэлжээ, Б.Мөнгөнзул, Д.Нармандах зэрэг алдартнуудын нэрэмжит болон бусад нийт 19 төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн 35 төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулах гэж буй талаар мэдээллээ.

Төлөөлөгчдөөс үйлчилгээний байгууллагуудын захиалгын цахим платформыг нэвтрүүлэх, бүтээн байгуулалтын ажилд томоохон аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулахад ААНОАТ-ын тухай хуулийг сурталчлах, наадмын өдрүүдээр бөх, морь, сур зэрэг эрийн гурван наадмын зохион байгуулалтад анхаарах, түүхэн баримтат кино, ном зэрэгт мэдээлэл дутуу оруулахгүй байх, хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон 50 жилийн түүхийг харуулсан бүтээл туурвих, 50  жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулахад зөвлөх үйлчилгээ авах, хотын өнгө үзэмж тохижилтыг сайруулах зэрэг олон саналыг илэрхийллээ.

Орхон аймгийн ИТХ-аас 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 03/31 дүгээр тогтоолоор Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилтийн явцыг 2025 оны 12 дугаар сард аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнөөдөр танилцуулж буй нь энэ юм.