ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн биелэлтийг танилцууллаа

2025-12-15

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өглөө. 2025 оны хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Орхон аймагт төр болоод хувийн хэвшлийн байгууллагууд 429,457 ширхэг мод тарьжээ.  

Орхон аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд  20.0 сая мод тарьж ургуулан байгалийн унаган төрхийг сэргээн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, таримал ой байгуулахад иргэд, олон нийтийн оролцоог дэмжиж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 18.0м2-д хүргэж, агаарын чанарыг сайжруулж, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж, дараах гурван зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

1.            20.0  сая ширхэг мод тарьж, ойн сангийн талбайг 7.7 хувиар нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар 5.2 сая ширхэг мод тарьж ургуулаад байна.

2.            Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 57.9га талбайд ногоон байгууламж шинээр бий болгож, өссөн дүнгээр 102.9 га талбайд ширхэг мод тарилаа. Ингэснээр 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2021 онд 4.5 м2 байсан бол 2025 онд 9.8 м2 болж өсжээ.

3.            Иргэн аж ахуйн нэгжийг дэмжиж, урамшуулах, бүртгэлийг цахим болгох зорилтын хүрээнд Орхон аймгийн Байгаль орчны газрын www.boajg.or.gov.mn, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын www.oimod.mn, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны www.eic.mn зэрэг цахим хуудаст 567 га талбайн таримал модыг бүртгүүлж, Ой зохион байгуулалтын ажлыг ойн мэргэжлийн байгууллага “Нюьгрийн форест” ХХК-аар гүйцэтгүүлж, 450 га талбай талбайн таримал ойн улсын ойн санд бүртгүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд дараах асуудлыг анхаарах шаардлагатай байгааг танилцууллаа.  Тодруулбал, доройтсон ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, төмөр зам, авто зам, газар тариалангийн ойн зурвас байгуулах, олон зориулалтын ногоон байгууламж, ногоон байгууламжийн хайс хашлагыг барих байгуулах ажлыг эрчимжүүлэх, жимс, жимсгэний агро аж ахуй хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Орхон аймгийн Байгаль орчны газраас хэлж байна.