Аймгийн ИТХ-ын Ээлжит 5 дугаар хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдаж “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн, санал дүгнэлт боловсруулан танилцуулахаар шийдвэрлэлээ.
Хорооны хуралдаанд аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга О.Мөнх-Од, гишүүд Б.Зоригтбаяр, Ц.Мөнхмандах, Д.Эрдэнэтуяа, С.Эрхэмбаяр, З.Хатанбаатар нар оролцож, Байгаль орчны газрын дарга С.Жаргалсайхан мэдээлэл танилцуулж, аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн У.Чигэстэй, мэргэжилтэн П.Одончимэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Р.Галбаатар нар төлөөлөгчдийн асуултад хариулж, саналыг тусган ажиллахаа илэрхийллээ.
Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоосноор усны эх ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх, усан орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, цаашид усан орчинд үзүүлж болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж, нөхцөл бүрдэх зорилго, ач холбогдолтой юм.
Ингээд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болох аймгийн ИТХ-ын Ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх саналыг хорооны гишүүд бүгд дэмжсэн юм.
