Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь 2015 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ жил 10 жилийн ой тохиож байна. Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байхаар заасан. Хуулийн дагуу Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах зарыг нээлттэй зарлаж нийт 16 хүн бүртгүүлснээс санал асуулгын дүнгээр анхны 5 хүний бүрэлдэхүүнтэй Иргэний зөвлөл 2015 онд байгуулагдаж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд найман удаагийн сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 74 иргэн нэр дэвшин өрсөлдөж иргэдээс хамгийн олон саналыг авсан 18 иргэн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хурлын хуралдааны тогтоолоор гишүүнээр сонгогдон ажилласан байна.
Иргэний зөвлөл ажилласан арван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сургагчдыг хамруулсан өсвөрийн сэргийлэгчдийн бүлэг байгуулж ажиллуулах, Цагдаагийн газарт шаардлагатай мэргэжил сонгох ажлыг сурталчлах, ажлын онцлогийг таниулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, алба хаагчдын дутуу хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллажээ. Мөн Цагдаагийн амралтын баазын байршлыг өөрчилж шинэчлэн тохижуулах, ЦЕГ-ын санхүүжилтээр баригдсан кубон байруудын ашиглалтыг сайжруулах, тэнд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнуудын ажил амьдралын нөхцөлийг сайжруулах, Олон нийтийн цагдаагийн орон тоо, урамшууллыг нэмэгдүүлэх саналыг хүргүүлэх зэрэг олон ажил хэрэгч санал санаачилгыг гаргаж, амжилттай ажиллажээ.
