Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 12 дугаар хурлаар 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд Орхон аймагт сургуулийн өмнөх 37 байгууллагад 9211 хүүхэд, ерөнхий боловсролын 25 сургуульд 25779 сурагч, дээд болон мэргэжлийн боловсролын 4 сургууль, коллежид 1871 оюутан суралцана.
Шинээр цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдийн бүртгэлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийж дууссан бөгөөд нэгдүгээр ангийн сурагчдыг e-mongolia цахим системээр бүртгэж байна.
Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын нэгэнд сургууль, цэцэрлэг тус бүр дээр өдөрлөг байдлаар зохион байгуулах бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хоолны цэс зэргийг эцэг эхчүүдийг танилцуулах юм.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 17 сургуульд 68 сул орон тоо байна. Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн боловсролын газрын судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд ажил идэвхтэй хайж буй мэргэжлийн багш нарыг бүртгэсэн бөгөөд дээрх сул орон тооны сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 16- 26-ны өдрийн хооронд зохион байгуулна.
Хүний нөөцийн дутагдалтай байдлыг шийдвэрлэхээр төгсөгчдийг урьж ажиллуулах, багшийн ачаалал, дутагдлыг харгалзан хичээлийн хуваарь, төлөвлөгөөг уян хатан зохицуулах, хүүхэд асрах чөлөөтэй багшийн хүсэлтийг үндэслэн богино цагаар ажиллах зохицуулалт хийх зэрэг олон төрлийн ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт хэллээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага бүлгийн 1-5 дугаар ангийн 11250 хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ЕБС-ийн нэг хүүхдийн хоолны зардлыг аймгийн ИТХ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран 1385 төгрөгөөр нэмэгдүүлж, 2885 төгрөгөөр тооцон олгож байна.
2024 онд Орхон аймгийн боловсролын салбарт Улсын төсвөөс 12 ажилд 26,9 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 3.2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдан холбогдох ажил хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй МСҮТ болон наймдугаар сургуулийн өргөтгөлийн барилга энэ оны 10 сарын 1-нд ашиглалтанд орохоор байгаа аж.