ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эхний хагас жилийн биелэлтийг хэлэлцлээ

2024-05-28

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 он II хуралдаан болж гишүүн байгууллагуудын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2024 оны эхний хагас жилийн биелэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Онцгой байдлын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Прокурорын газар болон аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсээс тус тус мэдээлэл хийж, тайлангаа танилцуулав.

Орхон аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан бөгөөд сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээр өсөлттэй гарч буй хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг зэрэг таван төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилт тавьсан.

Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор зарим төрлийн гэмт хэргийн гаралт өсөлттэй гарч байгааг хуралдааны үеэр онцоллоо. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн гэм хэрэгт тооцож, үүрүүлэх ял шийтгэлийн хэмжээ нэмэгдсэн учраас энэ төрлийн гэмт хэргийн бүртгэгдсэн тоо нэмэгджээ. Орхон аймгийн Прокурорын газраас энэ төрлийн зөрчлийг нэг удаа гаргасан этгээдүүдэд давтан гаргасан тохиолдолд ял шийтгэлийн хэмжээ ихэссэн гэдгийг анхааруулсан  мэдээллийг хүргүүлжээ.

Мөн тус хурлаар аймгийн Прокурорын газраас “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцөлийн судалгааг танилцуулж, уг гэмт хэргийн гаралтыг бууруулахад ямар төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай талаар зөвлөлийн гишүүдээс санал авлаа.  Зөвлөлийн гишүүдээс Орхон аймагт хэвшсэн замын хөдөлгөөний соёл, сайн жишгийг сурталчлах, жолооч бэлтгэж буй сургалтын төвүүдэд зөвлөмж хүргүүлэх, босоо, хэвтээ тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, эвдрэл, гэмтлийг засаж сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Зөвлөлийн II хуралдаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг танилцуулсан бөгөөд зөвлөлөөс тэмдэглэлээр үүрэг даалгавар өгөхөөр боллоо.

Хуралдаанаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн хяналт тавих, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн гуравласан гэрээний хэрэгжилтийг хангах, зөвлөлийн гишүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын уялдаа холбоог хангах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.