Эрдэнэт хотын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл, Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар баталлаа.
2024-2025 оны хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд
- Гадаадын зээлээр хэрэгжих 2 нэр төрлийн ажилд 17,8 тэрбум төгрөг,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж 3 ажилд 10,1 тэрбум төгрөг,
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 11 ажилд 15,4 тэрбум төгрөг,
- Тухайн хангагч байгууллагын дотоод зохион байгуулалтаар хэрэгжих 31 нэр төрлийн ажилд 61,2 тэрбум төгрөг зарцуулахаар нийт 47 нэр төрлийн ажлыг хийхээр төлөвлөлөө.
Гадаадын зээлээр хэрэгжих 2 ажлыг танилцуулбал...
Дэлхийн банкны 12 тэрбум 790 сая төгрөгийн санхүүжилтээр “Баян-өндөр сумын 6/0.4кв-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил” төсөл хэрэгжиж байгаа.
Төслийн хүрээнд Баян-Өндөр сумын 25000 орчим айл өрх, ААНБ-ыг 2 тарифт ухаалаг тоолуурт шилжүүлэх, гэр хорооллын 16 багийн гудамж хоорондын цахилгааны модон тулгууруудыг төмөр бетонон шонгоор солих юм.
Дараагийн төсөл нь Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллын 8 багт инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ.
- Үүнд, Даваат баг 57 дугаар Ус түгээгүүрийг төвийн шугамд холбох
- Шанд баг 18 дугаар ус түгээгүүрийг төвийн шугамд холбох,
- Наран багийн бохирын шугамыг төвийн шугамд холбох,
- Бүрэнбүст, Уурхайчин, Баянцагаан, Говил багийн цэвэр усны шугам,
- УДДТ-4-2 багийн төвийн сүлжээний шугамын ажил юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
· Баянцагаан багт шугам сүлжээний өргөтгөл,
· Цагаанчулуут, Наран багт ус дулаан дамжуулах төв барих, дулаан, цэвэр усны шугам сүлжээний өргөтгөл хийх,
· төвийн дулааны цэвэр усны шугам, ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна инженерийн шугам сүлжээний ажлыг дуусгах
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
· Орон сууцны болон гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг шинээр хийх болон засварлах ажил /23ажил/
· Гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах, хүчдэлийн уналтыг бууруулах /10ажил/
Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийх, зайлшгүй шаардлагатай шугам сүлжээний шинэчлэлтийн 14 ажил зэрэг ажлууд хийгдэнэ.