Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан энэ сарын 20-ны өдөр хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн баталлаа. Төлөөлөгчдийн ирц 73.5 хувьтай байв.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталлаа
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий албан тушаалтны эрх зүйн боловсролыг дээшлүүлж гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор хуралдаанаар “Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг 2024-2027 он хүртэл хэрэгжүүлэхээр баталлаа.
Уг хөтөлбөрийг Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилсан сэргийлэх арга зам криминологи судалгааны тайланд үндэслэн аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулсан юм.
Орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг баталлаа
“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр баталлаа. Уг хөтөлбөрт орон нутгийн нөхцөл байдал, онцлог, эрсдэл зэргийг тусган анх удаа хэрэгжүүлэхээр баталж буй бодлогын баримт бичиг юм.
Хөтөлбөрийн
· Оршин тогтнохын аюулгүй байдлыг хангах
· Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангах
· Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах
· Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
· Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангах
· Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах
· Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах
· Экологийн аюулгүй байдлыг хангах
· Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтуудын хүрээнд 62 арга хэмжээг хэрэгжүүлнэ
Сүм хийдийн хугацаа сунгах тухай
Аймгийн ИТХ-д үйл ажиллагаа явуулах хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн Христийн 10 сүм, Буддын 6 хийд, Бусад 1 шашны байгууллагын хугацааг гурван жилээр сунгалаа.
Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн сум хийдүүдэд хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг аймгийн ИТХ-ын эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга С.Юмэнхүү хурлын хуралдаанд танилцууллаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг ажлын хэсгээс сүм хийдүүдэд хүргүүлсэн бөгөөд зөрчлөө арилгасан 17 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хурлын хуралдаанаар гурван жилээр сунгалаа.
Иргэний зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцэж, 2024 оны төлөвлөгөөг баталлаа.
2023 онд тус зөвлөл ээлжит 8, ээлжит бус 3 хурлаар 33 асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гарган ажиллажээ. Цагдаагийн газарт иргэд, ААНБ-аас гаргасан гэмт хэрэг зөрчлийн талаарх өргөдөл гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх, иргэний зөрчсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээтэй улирал тутам танилцаж дүн шинжилгээ хийж холбогдох дүгнэлтийг гарган цагдаагийн газарт хүргүүлжээ.
Мөн Цагдаагийн алба хаагч, ажилтны гэмт хэрэг зөрчил, сахилга ёс зүйн зөрчилд холбогдсон статистик мэдээллийг авч түүнд дүн шинжилгээ хийж цаашид анхаарч ажиллах асуудлын талаар Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэр танилцуулж цаашид анхаарах, Жаргалант суманд байгаа цагдаагийн хяналтын постын байрны ашиглалтыг сайжруулах талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг 2023 онд хийж гүйцэтгэсэн байна.
2024 оны төлөвлөгөөнд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр найман арга хэмжээ, цагдаагийн газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт тавих чиглэлээр зургаан арга хэмжээ, иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалах чиглэлээр дөрвөн арга хэмжээ, мэдээлэл сургалт, сурталчилгааны чиглэлээр бусад чиглэлээр долоон арга хэмжээн хэрэгжүүлэхээр хурлын хуралдаанаар баталлаа.
Аймгийн ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлээ
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын байгууллагын тайланг хурлын хуралдаанд
1. Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан
2. Аймгийн ИТХ-ын Хурлын хуралдаан
3. Аймгийн ИТХ-ын хөгжлийн хороод
4. Аймгийн ИТХ-ын хяналт, шалгалтын ажлын хүрээнд
5. Авлигын эсрэг үйл ажиллагаа
6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа
7. Ил тод байдал,
8. Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд танилцуулж, 96 хувиар дүгнэлээ.