Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар Эрдэнэт хотын болон Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэж, төлөвлөгөөнд туссан ажлыг эрчимжүүлэх, ажил эрчимжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг аймгийн Засаг дарга С.Батжаргалд даалгалаа.
Хурлын хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Эрдэнэт хотын захирагчийн алба, Хөдөө ах ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар танилцууллаа. Мөн “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК, “ЭБЦТС” ТӨХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК зэрэг дэд бүтцийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Өвөлжилтийн бэлтгэлд дэд бүтцийн чиглэлээр 49 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 19 нэр төрлийн ажлыг гадаадын зээл, улс болон орон нутгийн төсвийн 95,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 30 нэр төрлийн ажлыг тухайн байгууллагын хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд бүрэн дууссан 9 ажил, 65-90 хувийн хэрэгжилттэй 33 ажил, хугацаа болоогүй болон худалдан авах ажиллагаа зарлагдсан 6 ажил нийт төлөвлөгөөний ажлууд 79 хувийн гүйцэтгэлтэй байгаа тул төлөвлөгөөнд туссан ажлыг эрчимжүүлэх тогтоолыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар гаргалаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд А1001, А1002 улсын чанартай авто замын аюулгүй байдлыг хангах зорилгоор 8578м2 нөхөөс, А1001,1002 авто замд 155ш төмөр бетон шон, шинээр босоо тэмдэг 116ш суулгах ажил хийгджээ. Авто зам засварын 29 ажил хийгдэхээс 17 ажил 95-100%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан. 12 ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бол орон сууцны болон гэр хорооллын гудамжинд хийгдэх гэрэлтүүлгийн 14 ажил 100%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан. Нийт 22.77км кабель татаж 543 шон суурилуулжээ.
Орхон аймгийн хэмжээнд 130 км орчим хатуу хучилттай авто зам байдаг. Жилд дунджаар 40-45 удаагийн давтамжтай цас орж, 373 тонн цас хайлуулах бодис, давсны хэрэгцээ шаардлага үүсдэг. Одоогийн байдлаар Хот тохижуулах газар цас хайлуулах зориулалтын бодис 10 тонн, давс 110 тонн нөөцтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200 тонн цас хайлуулах бодис авахаар төлөвлөн худалдан авалтыг ирэх сард хийхээр төлөвлөж байгаа юм.
Төлөөлөгчдийн зүгээс аймгийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын чанарт анхаарах, сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг олон саналуудыг илэрхийлсэн бөгөөд боловсролын байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч, ирэх сарын 15-нд хуралдах Зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар боллоо.