Аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр цахимаар хуралдаж аймгийн 2023 оны тодотгосон төсөв батлах тухай болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалын жишиг цалинг шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ. Ээлжит бус XI хуралдаан энэ сарын 7-нд хуралдах юм.
Төсвийн тодотголд орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын төрийн албан хаагчдын цалинг Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдүүлэх, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай ажлуудыг санхүүжүүлэх, 2023 онд дуусгаж ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын ажлын дутуу зардлыг гүйцээх зэрэгт 9 тэрбум 438,5 сая төгрөгийг төлөвлөн зарцуулахаар орон нутгийн төсвийн тодотголын төслийг боловсруулж өнөөдөр Зөвлөлийн хуралдаанд танилцуулсан юм.
Мөн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор орон нутгийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалын жишиг цалинг нэмэгдүүлэхээр төслийг боловсруулсан юм.