Аймгийн ИТХ-ын Зөвлөл 2023 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар Орон нутгийн өмчийн 2022 оны дүнг батлах тухай болон хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тогтоол хүчингүй болгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр илтгэл, илтгэгчийг баталлаа. Аймгийн ИТХ-ын Ээлжит бус XI хуралдаан 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр А.Амарын танхимд хуралдана.
Мөн зөвлөлийн хуралдаанаар орон нутгийн өмчит 11 байгууллагын 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг Орон нутгийн өмчийн газраас танилцууллаа. Орон нутгийн өмчит байгууллагуудад нийтлэг хэдэн хэдэн алдаа дутагдал байгааг танилцуулсан юм. Тухайлбал батлагдсан загварын дагуу гүйцэтгэлийн тайлан гаргаагүй, төлөвлөгөөнд туссан арга хэмжээний биелэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу тайлагнаагүй, тайланг хугацаандаа ирүүлээгүй зэрэг г зөрчил гарчээ. Мөн орон нутгийн өмчийн газраас тухайн байгууллагуудын гүйцэтгэлийн тайланг үнэлэхэд мэргэжлийн байгууллагуудын оролцуулах шаардлагатай байгааг аймгийн ИТХ-ын Зөвлөлд танилцуулсан юм.
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд орон нутгийн өмчит байгууллагуудыг компанийн засаглалаа сайжруулах, хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой ажил үйлчилгээг салгах, Засгийн газрын 340-р тогтоолын дагуу тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг анхаарууллаа.