ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийсэн ажилтай танилцлаа

2023-05-12

           Аймгийн ИТХ-ын Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Байгаль орчин хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны гишүүд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах, чиглэлээр хийгдэж буй ажил, холбогдох хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, газар дээр нь очиж ажиллан, тулгамдаж буй хүндрэл болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл авч, нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Орхон аймгийн тухайд 2019 онд Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ханган ажиллаж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, дарах чиглэлээр чийгшүүлэх, урвалжаар барьцалдуулах, синтетик материалаар хучих зэрэг олон төрлийн туршилт, технологийн аргыг нэвтрүүлэн туршиж байгаа ч үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр учраас бүрэн дарах боломж хомс байгааг холбогдох албаныхан уулзалтын үеэр дурдаж байлаа. Мөн Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 2019-2022 онд хийгдсэн ажлын санхүүжилт тогтмол өсөж байгааг танилцуулж, тусдаа таван хүнтэй хэсэг байгуулан ажиллаж байгааг онцоллоо.

Цаашид хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, хаягдлын аж ахуйг шинэ байршилд байгуулж, одоогийн хаягдлын аж ахуйг хөрсөөр дарах, зүлэгжүүлэх ажил хийгдэхээр төлөвлөгдсөн аж.

Орон нутгийн зүгээс Хаягдлын аж ахуйг шинэ байршилд буюу суурьшлын бүс үүсээгүй газар нутагт дахин байгуулах, цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллана гэдгээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм.