Орхон аймгийн Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг мал аж ахуйн өвөлжилт, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, газар тариалангийн бэлтгэл хангах, хүнсний чиглэлээр гэсэн 4 бүлэгт 32 арга хэмжээг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар баталлаа.
Төлөвлөгөөнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, өвөлжөө, хаваржааны тодорхой бүс нутаг, таримал ургамлын талбайг малаас хамгаалах, чөлөөлөх, цаг агаарын байдал хүндэрсэн тохиолдолд малчдад хүнс, өвс тэжээл хүргэх, даваа, гүвээ засах, цас ярагч техник хэрэгсэл, туулах чадвартай машины бэлэн байдлыг хангах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, таримлын зөв сэлгээг нэвтрүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалах зэрэг арга хэмжээ багтжээ.
Мөн төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, орон нутгийн иргэдийг хямд үнэтэй, чанартай ногоогоор хангах зорилгоор төмс, хүнсний ногооны борлуулалтын цэг ажиллуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт шинжилгээ хийх, аймгийн хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний цэгүүдэд худалдаалагдаж буй мах, махан бүтээгдэхүүн, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэгдэх хүнсний болон мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд хүнсний чанар аюулгүй байдалд шинжилгээ хийж, хяналт тавих, үр дүнг олон нийтэд танилцуулах зэрэг ажил хийгдэх юм.