Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр, Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, Хог хаягдлын менежментийг сайжруулах, хөгжүүлэх хөтөлбөрүүдийн 2022 оны хэрэгжилт, Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийн 2019-2022 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн тайланг тус тус хэлэлцлээ.
Боловсролын салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрт 4 зорилтын хүрээнд 56 арга хэмжээг төлөвлөж, 92.9 хувийн гүйцэтгэлтэй гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
2022 онд сургуулийн өмнөх боловсролын 31 байгууллага, ерөнхий боловсролын 17 сургуульд 425 зөөврийн компьютер, 1135 таблетыг улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олгосон бол орон нутгийн төсвөөс
- Сургууль, цэцэрлэгийн дотор камержуулалтад 396,5 сая төгрөг;
- “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ЕБС, МСҮТ, нийт 16 сургалтын байгууллагад ухаалаг дэлгэц худалдан авахад 280,0 сая төгрөг;
- “Тэгш боломж” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн автобус худалдан авахад 130,0 сая төгрөг;
- “Тэгш боломж” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих 3 төв байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахад 140,0 сая төгрөг зэрэг хөрөнгө оруулалт, урсгал засварын олон ажлууд хийгджээ.
Өнгөрсөн онд элсэлтийн ерөнхий шалгалтын 10 судлагдахууны хэмжээст онооны аймгийн дундаж 550.33 үнэлэгдсэн бөгөөд улсын дунджаас 21.13 оноогоор өндөр байна. 4 судлагдахууны төрлөөр 11 сурагч 800 оноог авсан зэрэг эерэг үзүүлэлт олон байна.
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээг идэвхжүүлэх, боловсролын салбарын хүний нөөцийн судалгааг гаргах мөн хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн аудитын тайлан гарсны дараа зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх зэрэг санал гарч, тэмдэглэлээр үүрэг даалгавар өгөгдлөө.