Аймгийн ИТХ-ын Цахим бодлогын хөгжлийн хорооны хурлаар “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудын талаар хэлэлцэж, холбогдох дүгнэлтийг гарган аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн хорооны хуралд төрийн байгууллагуудын мэдээлэл технологийн ажилтнууд болон иргэд оролцож, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар асуулт асууж, санал солилцлоо.
“Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2021 онд баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар “Цахим эрдэнэт” сервер, сумдын вебсайт, дугаар илрүүлэгчтэй камер худалдаж авах, хуванцар болон цаасны хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг 7 ажил, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дууссан бол эрдэнэт смарт платформ хөгжүүлэх, хотын хэмжээнд байгаа шилэн кабелийн хайгуул хийх, бүртгэлжүүлэх, яс дахин боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажил үргэлжилж байна. Харин шилэн кабель сувагчлалын өргөтгөл хийх, камерын ухаалаг хяналтын систем болон цэвэр усны scada систем нэвтрүүлэх ажил удаашралтай байгаа аж.
Хорооны гишүүд болон иргэд “Эрдэнэт смарт” платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой асуултуудыг гүйцэтгэгч байгууллагаас асууж, санал, хүсэлтээ уламжиллаа.
Цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүдээс хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажилтай хорооны гишүүд биечлэн танилцаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хорооны төлөөллийг оруулах санал гаргалаа.
Мөн мэдээлэл сурталчилгааг сайжруулах, хөтөлбөрийн хүрээнд хэчнээн байгууллага ажиллаж байгаа, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулахыг үүрэг болгосон юм. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, хувийн хэвшлийн байгууллагуудтай ямар нэгэн байдлаар өрсөлдөхгүй байх, “Эрдэнэт смарт” платформыг нэвтрүүлэхтэй холбоотойгоор тодорхой журам боловсруулж, эзэнжүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ.