Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдааны эхэнд Нутгийн удирдлагын ордны их танхимд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, Монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, мянганы суут хүмүүн Их Эзэн Чингис хааны эш хөргийг, билиг сургаалийнх нь хамт заллаа.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийг хангах, хурлын хуралдаанд урилгаар оролцож асуудал хэлэлцүүлэх албан хаагчид, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, бүтээмжийг сайжруулах зорилгоор Нутгийн удирдлагын ордны их танхимыг өргөтгөх хэрэгцээ, шаардлага гарч Нутгийн удирдлагын ордны их танхим болон нэг цэгийн үйлчилгээний төвийг өргөтгөх ажил өнгөрсөн онд эхлүүлсэн юм. Нутгийн удирдлагын ордон 1983 онд ашиглалтанд орсноос хойш Орхон аймгийн нийт хүн ам, тэднийг төлөөлөх Төлөөлөгчдийн тоо нэмэгдсэн ч, анх удаа өргөтгөж байгаа нь энэ юм. Өргөтгөлийн барилгад сургалтын танхим 1, ажлын 3, архив 2, агуулахын 1 өрөө ашиглалтад орсноос гадна, иргэд төрийн болон банкны үйлчилгээг нэг цэгээс авах “Цахим үйлчилгээний төв” байгуулах ажил үргэлжилж байна.
Ийнхүү их танхимын өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авснаар их танхимд анхны хуралдаанаа хуралдуулж, эзэн Чингис хааны эш хөргийг залж байна.