ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2023-01-23

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар нэрэмжит болгох тухай болон аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2022 оны тайлан, 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэн аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр дэмжлээ.

Зөвлөлийн хурлаар удахгүй ашиглалтад орох нутгийн удирдлагын ордны их танхимыг Монгол улсын долоо дахь ерөнхий сайд Агданбуугийн Амарын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ сарын 26-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.  Агданбуугийн Амар нь 1923-1924 онд Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэл, сайд, 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгч, 1928-1930 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайдаар ажиллаж хөрш орнуудтай найрсаг харилцаатай байх, улс орноо батлах хамгаалах хүчийг зузаатгах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байсан ч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1939 оны 11 дүгээр сард баривчлагдаж 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Москва хотод цаазын ял сонссон юм. Түүнийг 1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгаж байжээ.